Малын хулгайн зөөлөн ялын бодлогоос УИХ татгалзана

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-10-25 15:41:48

Монгол улс 265 мянга орчим малчин өрхтэй. Төрийн ордон (2019-10-24)-д тэдний төлөөлөл мянган малчин чууллаа. Чуулганы хэлэлцсэн асуудлын гол цөм нь малын хулгай, түүний хор уршиг байв. УИХ 2015, 2017 онд эрүүгийн хуулийг шинэчлэн баталж 2017 оны долдугаар сарын 1-ээс мөрдсөн билээ. Ингэхдээ тус хуулийн малын хулгайчид ногдуулах ялыг  эрүүгийн хуулийн 17.1 (Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан (цөөн тооны мал хулгайлсан) бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,  эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ). Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол  учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй) малын хулгайн хөнгөн хэлбэрийг ингэж тодорхойлжээ. Хуулийн дээрх заалт 24 бог, найман бодоос доош тооны мал хулгайлсан “хулгайчид” хамаарна. Харин 17.2(Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах (мал)-аар довтолсон  бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ) Энэ бол малын хулгайн хүнд хэлбэр.


Гэтэл хулгай бол хулгай байдаг. Их орлого олж бага ялтай бүр, ялгүй үлдэх хуулийн боломжийг ашиглан малын хулгайч нар цөөн тооны мал (бог 24-өөс, бод 8-аас доош)  хулгайлах болжээ. Малын тоог хуульд тодорхой зааж өгсөн нь эдийн засгийн талыг нь тооцож үзээгүй сул тал болжээ. Эрүүгийн хууль (2017-7-1) мөрдөж эхэлснээс хойш авч үзэхэд, малын хулгай нар иргэдэд учруулсан хохирол тогтмол өссөн аж. Малын хулгайн улмаас 2018 онд нийгэмд 5,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж эдийн засагч судлаач Оюун тооцжээ. Мөн малын хулгай хамгийн өндөр өсөлт (2019 оны нэгдүгээр улирал) 80 хувь хүрсэн гэж УИХ-ын гишүүн М.Билэгт чуулганы нэгдсэн хуралдаан дээр (2019-10-24) хэлэв. Эрүүгийн хуулийн шинэ (ялын бодлого) хуучин (2002-2017 он) мөрдөж байсан хуулиас бодлогын хувьд зөөлөрсөн юм байна. Гэвч малын хулгай гаарчээ.


Гаарсан малын хулгайг дарж авах үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүн (24) эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөл (малын хулгайн зөөлөн ялын бодлогоос татгалзах)-т оруулах хуулийн төсөл (2019-10-4) УИХ-д өргөн барьжээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2019-10-24)- аар хэлэлцээд  хэлэлцэх нь зөв хэмээн үзэж нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ ( Мянган малчин чуулсан, малын хулгайчид ногдох ялыг хүндрүүлэх хуулийн төсөл хэлэлцэх хоёр давхцав).


Хуулийн төсөлд хөнгөн ял ногдуулж байсан дээрх нөхцөлийг 24 бог гэснийг гурав, найман бод гэснийг нэг болгон өөрчилнө. Одоо гурван бог, нэг бод хулгайлсан, түүнээс цөөн тооны мал байлаа ч зургаан сар зорчих эрх (2020-1-1 мөрдөгдөнө)-ийг хязгаарлахаас эхлээд 5 жил хүртэл хорих ял ногдуулна. Тогтоосон тооноос дээш мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлөөр 3-8 жил хүртэл хорих ял ногдуулна. Нэг үгээр хэлбэл, хүний таргийн таван ямаа (3), саалийн ганц үнээг нь хулгайлсан этгээдэд заавал ял ногдуулна. Зөрчлийн хуулийн малын хулгайчид албадан ажил хийлгэх хөнгөн ял ногдуулдаг заалт хүчингүй болно.


Эрүүгийн хууль  ( малын хулгайтай тэмцэх)-ийн төслийг гишүүдийн дэмжиж байгааг харвал малын хулгайн зөөлөн ялын бодлогоос УИХ татгалзах нь тодорхой байна. Мал, малчны ажлын байр, өсөж үрждэг, хөрөнгө цаашлаад үндэстний баялаг байдаг. Ийм учраас монгол үндэстний хувьд, малын хулгайг онцгойлон авч үзэх ёстой гэж хуулийн төсөл санаачлагчид тайлбарлаж байлаа. Хуулийн төслийг анхны хэлцүүлгээр баталж, батлагдсан өдрөөс нь мөрдөж эхэлбэл малын хулгайч нарыг цээрлүүлэх, тэдний малчдад учруулсан хохирлыг төлүүлэх боломж бүрдэнэ. Энд цохон тэмдэглэхэд, малчин хулгайд алдсан малынхаа үнийг өөрөө тогтоодог болох юм байна. Ийм болохоор малчдын нүүрний арьс тэнийж, малын хулгайчийн нүүрний арьс үрчийх өдөр ойрхон байна. 

Холбоотой мэдээ