“Altaa & Sally-21” тоглолт Сүхбаатар аймагт амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-25 14:38:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын поп дива дуучид болох МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа нарын хамтарсан “Altaa & Sally-21” аялан тоглолт үзэгчдийн халуун алга ташилт дор болж өндөрлөлөө. Дуучид өөрсдийн шинэ уран бүтээлээс гадна үзэгч сонсогчдын сэтгэлд хоногшсон хуучны дуунуудаасаа голлон дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байлаа.

Хөдөө орон нутагт Монголын поп дуучид хамтарч тоглолтоо хийх нь ховор. Тийм ч учраас энэхүү тоглолтыг үзэгчид зорин зорин иржээ. Дуучид ч үзэгчиддээ хүндэтгэл үзүүлэн тэдний сонсохыг хүссэн дууг нь дуулж өгч, бүр хамтдаа дуулж, бүжиглэн нэгэн оройг хамтдаа өнгөрүүлсэн юм. Эх орон, нутаг ус, аав ээж, амраг хайрын гээд олон төрлийн дууг тэд дуулсанаас гадна, СТА С.Сэрчмаа хурдны өлгий нутгийн үзэгчдэд зориулан тусгайлан Хангал зээрд хэмээх морины тухай дууг дуулсан нь үзэгчдийг огшоож, тоглолтын уур амьсгалыг илүү халуун дулаан болгож байв. Үзэгчид ч сүүлийн хэдэн жилд үзээгүй сайхан тоглолт байлаа гэдгээ илэрхийлээд, бусад дуучид уран бүтээлчид яг ийм бүрэн хэмжээний үзэгчдийн сэтгэлд нийцсэн тоглолтыг үзүүлж байгаасай гэдгийг хэлж байсан юм.

Сүхбаатар аймаг дахь тоглолт маань маш сайхан боллоо. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Энэ удаагийн үзэгчид үнэхээр доргио, илүү дотно санагдлаа. Дуучин хүний хамгийн том жаргал бол тайзан дээрээ дуулах, үзэгч, сонсогчидтойгоо уулзах явдал байдаг. Яг л энэ жаргалаа дахин дахин мэдэрсэн гайхалтай үдэш байлаа. Бидний тоглолтыг ивээн тэтгэж мэдээлэл сурталчилгааг орон даяар маш сайн түгээж байгаа МОНЦАМЭ агентлагийн хамт олондоо томоос том талархал илэрхийлмээр байна. Очсон аймаг бүрт маань энэ хамт олон биднийг дэмжиж, тусалж хамтарч байгаа. Та бүхнийхээ ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье хэмээн МУГЖ Ж.Алтанцэцэг сэтгэгдлээ хуваалцсан юм.

Харин СТА С.Сэрчмаа хэлэхдээ, Миний хувьд Сүхбаатар аймагт анх удаа ирж байна. Энэ нутагт орж ирээд төв талбайд нь очиход л нэг тийм дотно мэдрэмж төрсөн. Үнэхээр сайхан нутаг, сайхан ард түмэн юм. Бидний тоглолтыг маш сайхан хүлээж авлаа. Миний бодлоор бидний явсан аймгуудаас хамгийн доргио үзэгчтэй аймаг байлаа. Орон нутгийн үзэгчид ер нь уран бүтээлчдийг тэр дундаа рок попын дуучдаа их хүлээж байдаг гэдэг нь мэдрэгдлээ. Тиймээс дараа дахин ирнэ гэж бодож байна. Тоглолтын мэдээ мэдээллийг маш сайн түгээж, биднийг дэмжин ажиллаж байгаа МОНЦАМЭ агентлагийнхаа хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол маш том дэмжлэг шүү дээ гэв.

Өнгөрсөн сарын 20-ноос Монгол эх орноо бүтэн тойрох аялан тоглолтоо эхлүүлсэн дуучид ийнхүү зүүн бүсийн гурав дахь тоглолтоо Сүхбаатар аймагт маш амжилттай хийлээ. “Altaa & Sally-21” аялан тоглолт 27-ны өдөр Хэнтий аймагт үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ