БНСУ-ын Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайдад захидал илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-24 14:39:58

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс захидал хүлээн авсан байна. 


БНСУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг тус улсын Ерөнхий сайд Ли Нак Ён Японы Ерөнхий сайдад дамжуулан өгчээ. Захидлын агуулгыг одоогоор мэдээлээгүй байна. Ли Нак Ён Японы шинэ эзэн хаан Нарүхитог хаан ширээнд залах ёслолд оролцохоор тус улсад айлчилж буй юм.


Абэ Шинзо БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ёнтой пүрэв гарагт уулзжээ. “Япон болон Өмнөд Солонгос нь бие биенийхээ хувьд чухал хөрш улсууд билээ. Манай хоёр улс юуны өмнө Умард Солонгосын асуудлаар АНУ-тай хамтран ажиллах нь маш чухал юм. Япон-Өмнөд Солонгосын харилцааны өнөөгийн байдал туйлын хэцүү байгаа хэдий ч үүнийг анхаарахгүй орхиж болохгүй” гэж тэрбээр уулзалтын үеэр онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, БНСУ Японтой харилцаагаа сайжруулахын тулд өгсөн амлалтуудаа биелүүлэх хэрэгтэй.


2018 оны намар БНСУ-ын Дээд шүүх Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөр олгохыг Японы компанид үүрэг болгосны  дараа Токио, Сөүлийн харилцаа мууджээ.


Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд  хоёр орны харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ нөхөн төлбөр олгох хэрэгтэй холбоотойгоор “Nippon Steel & Sumitomo Metal” компанийн хөрөнгийг хураах журмыг БНСУ санаачилсан байна. Энэ нь Япон улс тус улсад худалдааны хязгаарлалт тогтоох гол шалтгаан болсон гэж шинжээчид үзэж байгаа юм. 


Японы Засгийн газар долдугаар сарын эхээр БНСУ-д нийлүүлдэг хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа чангатгасан. Түүнчлэн нано болон өндөр технологийн материалуудыг хялбаршуулсан системээр хязгаарлалтгүйгээр нийлүүлдэг орнуудынхаа жагсаалтаас БНСУ-ыг хассан бол БНСУ хариуд нь Японыг худалдааны найдвартай түншүүдийнхээ жагсаалтаас хассан билээ.  




Холбоотой мэдээ