Т.Дүүрэн: Экспортын цахим худалдааг түшиглэн Зүүн Ази руу гарах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-24 12:47:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас нэгдсэн экспортын төсөл хэрэгжүүлж эхэлж буй талаар өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар тус Танхимын дарга Т.Дүүрэнгээс тодруулбал, “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол экспорт” хөтөлбөрийн хүрээнд манай Танхим БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөгчийн газартай хамтран “Хил дамнасан цахим худалдаа Е-экспорт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд, цахим худалдааны талбар (платформ)-ыг түшиглэн манай улсын бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ, цаашлаад Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд гаргах боломжтой. Үүнд бид дотроо бэлдэх учиртай” хэмээн онцоллоо. Үүнийгээ тэрээр, жишээ нь, мянган малчин өрх дор бүрнээ мянган ааруул хийж байхаар 1000-уулаа нийлж нэг жороор нэг сая ааруул хийж экспортлоё хэмээн тайлбарлав. Үүний тулд, Танхим дээрээ цуглаж, зөвлөлдөж нэг санал шийдвэр гарган түүнийгээ дэс дараатай хөгжүүлэх, харин бичиг цаас, зөвшөөрөл, лабораторийн шинжилгээ гаргах зэрэг экспортын үйл ажиллагааг Танхим хариуцан оролцох гэдгээр илэрхийлэв. Энэ бүгдийг “Шинэ бодлого, шинэ боломж” хэмээн тайлбарлаад бизнес эрхлэгчид төр засгийнхаа хөтөлбөр, бодлогыг дэмжихийг уриаллаа.


Экспортын нэгдсэн бодлого бүхий төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор МҮХАҮТ-ын гишүүнчлэлийг эргэн харж, ААН-үүдийг түлхүү хамруулан гишүүн байгууллагынхаа хүрээг өргөжүүлэх үүднээс энгийн гишүүний сарын төлбөрийг 10 мянган төгрөг болгох, гарааны бизнес эрхлэгчдийг эхний жил гишүүнчлэлийн хураамжаас чөлөөлөх зэргээр тэдэнд тохирсон, уян хатан нөхцөлөөр шинэчилж буй юм байна. Үүнийгээ МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “Бид аль болох олуулаа болж байж нэгдсэн нэг шийдвэр, гарцад хүрнэ” хэмээгээд өнөөдөр эхлүүлж буй экспортын нэгдсэн төслөө үүний нэг жишээ болгон онцлов.


МҮХАҮТ гарааны бизнес эрхлэгчдийг эхний жил Танхимын гишүүнчлэлийн хураамжаас чөлөөлнө


“Бид бизнес эрхлэгчдийн оролцоог хангаж байж Танхимын гишүүнчлэлээс хүртэх ашиг тусыг нэмэгдүүлнэ. Тиймээс үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч бизнесийнхэн МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн энгийн болон платинум, даймонд, спонсор гэсэн 5 түвшний шатлалаас өөрт тохирох төлөөллийн ангиллыг сонгон Танхимын гишүүнээр элсэн эдийн засгийн хөгжлийн төлөө нэгдэцгээе” хэмээн уриалж байв.



Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ