Бэлчээрийн даац хэтэрсэн сумдыг нэмэгдэл тэжээл нөөцлөхийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-22 23:33:13

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас холбогдох газруудад анхааруулаад байна.

Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргадаг ажээ. Тус тооцоололд үндэслэн энэ жил Завхан аймагт зуншлагын байдал 2019 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд хэвийн, 20 орчим хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.

Харин бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 58 хувь нь бэлчээрийн нөөцтэй. Харин 27 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 12 хувь нь даац нэгээс гурав дахин хэтэрсэн. Хоёроос нэг хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 85 орчим хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар байна. Харин 15 орчим хувьд хэтэрч гарлаа. Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан байна. Ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон тухай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн 13 сум байна

Өвөл, хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сум, багууд өвс хадлангаа нэмж бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малынхаа тоог бууруулах ажилд эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтад одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй хэмээн сануулж байна.

Тухайлбал бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн Эрдэнэхайрханы Багануур, Хайрхан, Алтан, Нөмрөгийн Нуур, Түдэвтэйн Ойгон, Баян-Цагаан, Сонгины Шар нуруу, Баян-Айраг багууд. Мөн Тэс сумын Нисэх, Тосонцэнгэлийн Идэр, Их-Уулын Хонгор, Идэрийн Загастай, Алдархааны Мандаат багууд анхаарах хэрэгтэй. Түүнчлэн Цагаанчулуутын Дэлгэр, Арц, Цагаанхайрханы Баянбулаг, Завханмандалын Нуга, Ургамлын Хүнгүй багууд дээрх анхааруулгыг эртнээс ажил хэрэг болгох шаардлгатай байна.

Мөн бэлчээрийн даац гурваас тав дахин хэтэрсэн Тэсийн Баян-Уул, Зүр, Цэцэн-Уулын Жаргалант, Эрдэнэхайрханы Баянзүрх, Мөсөн, Дөрвөлжингийн Цогт, Их-Уулын Цэцүүх, Цагаанчулуутын Жавцаг багууд. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Дөрвөлжин сумын Буга, Улиастай сумын Өлзийт, Тосонцэнгэл сумын Баян-Улаан, гэхчлэн 13 сумын 14 багийн тухайд маш их бэлтгэлтэй өвөл, хаврыг давах нь чухал юм хэмээн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ