Төрийн үйлчилгээ үзүүлэгч бүх байгууллага нэг дор цугларч иргэдэд үйлчлэв

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-22 23:52:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд “Ээлтэй үйлчилгээг иргэн танд”, “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” гэсэн хоёр үйл ажиллагааг өнөөдөр хамт зохион явууллаа. 

Төрийн үйлчилгээ үзүүлэгч бүх байгууллага нэг дор цугларч иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээг зардал чирэгдэлгүй, нэг дороос илүү хурдан хүргэдгээрээ нээлттэй хаалганы өдөрлөг онцлогтой юм. Энд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон холбогдох байгууллагууд оролцож иргэдэд үйлчиллээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгээс жин, өндөр үзэх, сахар хэмжих, артерийн даралт, цусны бүлэг тодорхойлох, нүд, эхо, дотрын үзлэгийг явууллаа. Мөн АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн тэргүүтэй ажлын хэсгийн “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” байлаа. Энэ ажлын хүрээнд сургалт, иргэдийн болон ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулж, иргэдэд зөвлөгөө өгч, хууль тогтоомжийг танилцууллаа. Ийнхүү иргэд төрийн байгууллагын зорилго зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, байгууллагуудын ажил үйлчилгээтэй танилцав.

Мөн өдөрлөгийн үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар өдөрлөгт оролцож байгаа байгууллага нэг бүрийн үйл ажиллагаагаатай танилцлаа.

 

 

Холбоотой мэдээ