“Хушгатай ногоон цай, цайны цуглуулга”-аараа шилдэг бүтээгдэхүүний шагнал авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-22 21:33:05

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт сумдын үйлдвэрлэгчдийн “Сэлэнгэ ургац-2019” үзэсгэлэн гарсан. Энэхүү үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Д.Хишигмаагийн үйлдвэрлэсэн “Хушгатай ногоон цай, цайны цуглуулга” хамгийн нүд хужирласан бүтээгдэхүүн байв. Түүний үйлдвэрлэж буй эрүүл мэндийн цайнууд шинэлэг бөгөөд сав баглаа боодлын хувьд ч чамлахааргүй байлаа. Ингээд шинэ бүтээгдэхүүний эзэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Д.Хишигмаатай цөөн хором ярилцлаа. 


-Танай үйлдвэрлэсэн эрүүл мэндийн цайнууд хүмүүст ихээхэн таалагдаж байх шиг. Бас үнийн хувьд ч боломжийн юм. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд шинэлэг бүтээгдэхүүн болж чадлаа. Цайныхаа талаар тодруулахгүй юу?

-Би эрүүл мэндийн цай үйлдвэрлэх санаа сэдээд таван жил бодож явсан. Ингээд өнгөрсөн жилээс эхлэн 8 төрлийн цай үйлдвэрлэж байна. Тухайлбал таван салаатай, эгүүшинтэй, хушгатай, гангатай, нохойн хошуутай, боролзгонотой гэх мэт. Миний үйлдвэрлэж байгаа эрүүл мэндийн цай хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болж чадаж байна. Авсан хүмүүс дахиж авах, захиалгаар авах зэргээр худалдан авалт нэмэгдэж байгаа. Энэ маань тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд нөлөөлдөг. Сум орон нутгаас дэмжиж бэлэг дурсгал, ахмадын баяр, цагаан сарын баяруудаар манай бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Миний хүү Дарханы ШУТИС-ийн багшаар ажилладаг юм. Хүү минь миний хийсэн бүтээгдэхүүний сав баглаа боодлыг хийж өгдөг. Торгоор хийсэн уутаа би өөрөө оёсон.  

-Та түүхий эдээ хэрхэн бэлтгэж авдаг вэ?

-Манай суманд эмийн ургамал элбэг байдаг. Би 7-р сарын 20-ноос 9 сарын 10 хүртэл эмийн ургамлаа түүж цуглуулж авдаг. Түүж авсан ургамлаа сэрүүн газар, харанхуй нөхцөлд зүүж, стандартын дагуу, эмчилгээний чанарыг нь алдуулахгүй хатаадаг. Дэлгэж хатаахад хөгцрөх зэрэг муу нөлөөтэй байдаг. Түүхий эдээ түүж авах үеэрээ хэдэн хүнийг ажлын байраар хангаж, тодорхой цалинг өдөрт нь өгч ажиллуулдаг. Би өнгөрсөн хавар аймгийн хөдөлмөр эрхлэлтээс 5 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмж авч, байраа засаж сэлбэн үйлдвэрлэлээ өргөжүүлсэн. Мөн “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-ын гишүүнээр ажилладаг. Сумандаа “Баялаг хараа” цай үйлдвэрлэх цех ажиллуулж байна даа. Өнөөдөр үзэсгэлэн худалдаанаас шинэ бүтээгдэхүүний шагнал авсандаа маш их баяртай байна.    

Холбоотой мэдээ