"Нээлттэй хаалганы өдөрлөг"-т 56 төрийн байгууллага оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-10-22 21:10:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ хамтран төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулав.  

Өдөрлөгт оролцогч байгууллагууд 2010 он гарсаар хийж гүйцэтгэсэн ажлаа иргэдэд сурталчлан таниулж, төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авсан байна. 

Тухайлбал тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нийгмийн халамжийн сангаас олгогдож буй тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийн сангаас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, мөн шинээр зарлагдсан ажлын байранд иргэдийг зуучлах үйлчилгээ үзүүлжээ. 

Монгол Улсын Засгийн газраас энэ оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан төрөөс баримталж буй бодлогыг салбарын байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж буйг олон нийтэд мэдээлэх нь чухал юм гэдгийг тус аймгийн ЗДТГ-ын дарга Д.Баттайван онцолсон юм.

Холбоотой мэдээ