Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжив.
Тодруулбал, хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын тухай хууль, Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хууль, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм.
ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Мөн комисс нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх төсөв боловсруулж, батлуулах шатлалыг тодорхой заажээ. Түүнчлэн комиссын хуралдааны журмыг нарийвчлах, комиссоос хүргүүлж буй шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэхгүй удаашруулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох талаар алхам хийгээгүй тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл, бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизм бий болгох заалт тусгасан байна. Уг хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 81.8 хувь дэмжлээ.
Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас энэ сарын 8-нд өргөн мэдүүлсэн. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийг 1993 онд баталснаас хойш 13 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 6 бүлэг 12 зүйлтэй боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар Монголын 175.6 мянган иргэн гадаадад оршин сууж байгаагаас хамгийн олон буюу 49 мянга нь БНСУ-д байна. Мөн 30 мянган иргэн АНУ-д, 10 мянган иргэн БНХАУ-д амьдарч байгаа юм. Хуулийн төсөлд хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан байгуулах, тус сангаас иргэдэд туслах, дэмжих нарийвчилсан журмыг Засгийн газрын тогтоолоор батлахаар тусгажээ. Мөн 180-аас дээш хоног гадаадад зорчих иргэд дипломат төлөөлөгчийн газар болон консулын газартаа цахимаар бүртгүүлэх бололцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжлээ.
Харин Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны гишүүдийн 72.7 хувь дэмжсэн. Архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл, хадгалалт хамгаалалт аюулгүй, найдвартай байх, ашиглалт нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх шаардлагатай хэмээн үзэж Засгийн газар уг төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл 8 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төрийн архивт хамаарах архивыг тодорхойлж, чиг үүргийг нарийвчлан заасан байна.
Дээрх гурван хуулийн төслийг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх юм.