Барселонад эсэргүүцлийн ажиллагаа болжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-22 12:08:45

МАДРИД. /El Pais/. Испанийн Барселона хотын төвд өнгөрсөн даваа гарагийн орой дахин эсэргүүцлийн ажиллагаа болжээ. Жагсаал цуглааныг Каталонийн тусгаар тогтнолыг дэмжиж буй “Бүгд найрамдах улсуудыг хамгаалах хороод” хөдөлгөөн зохион байгуулжээ. Жагсаал цуглаанд оролцогч хэдэн зуун хүн Каталонийн женералитетын /парламент, засгийн газар багтдаг Каталонийн өөрөө удирдах дээд байгууллага/ аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Микель Бучийг огцрохыг шаардсан байна.


Жагсаал цуглаанд оролцсон олон хүн будгаар дүүргэсэн агаарын бөмбөлөг авчирч, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын машин болон дотоод хэргийн газрын байр руу шидэж байсан аж. Жагсаал цуглааны үеэр ямар нэгэн хэрэг бүртгэгдээгүй байна.


Тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулахад холбогдсон Каталонийн улс төрчдөд шийтгэл ногдуулах тухай шүүхийн шийдвэрийг Испанийн Дээд шүүх гаргасан бөгөөд тэдэнд 13 хүртэлх жилээр хорих ял оноожээ. Үүний дараа Барселонад жагсаал цуглаан өрнөж эхэлсэн юм. 

 

 

Холбоотой мэдээ