Г.Ням-Очир: Энэ зураг 371 жил хадгалагдсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-22 14:14:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран зургийн галерейд гаргасан ”Төвөдийн жаран” үзэсгэлэнгийн хойморт залсан ханын том зураг олны анхаарлыг ихэд татсан. Монголын Үндэсний номын сангийн сэргээн засварлагч, төвөд судлаач, яруу найрагч  Г.Ням-Очир Төвөдөд аялсан сэтгүүлчдийн багт оролцон уг түүхэн зургийн түүхийг сайтар судлан Монголдоо байгаа эх зургийг нь ил гаргаж тавьсан юм. Энэ нь зураач, зохиолч, судлаач, эрдэмтэн, сэтгүүлч, гэрэл зурагчид өөр өөрийнхөө "өнцөг" гарган мэтгэлцэхэд хүргэсэн. Г.Ням-Очироор энэ зургийн нарийн өгүүлэмжийг тайлбарлуулсан юм. 


-Монголын хааны суудалд сууж байсан Занабазарын энэ зураг яагаад Төвөдийн том ордны "Ханын зураг" болчихсон юм бэ. Эхлээд ханын том зургийн тухай та тайлбарлаж өгөөч?

Г.Ням-Очир: -Лхасын Бодалагийн Цагаан ордныг 1645-1648 онд, Улаан ордныг 1690-1694 онд тус тус барьжээ. Занба бурханч Чойенжамц хэмээх ерөнхий урлаачийн удирдлага дор Монгол, Төвөд, Хятад, Балба нийлсэн 6743 хүн барьжээ. Үүн дундаа Улаан ордныг барихад Балбын 170, Монголын 10, Хятадын долоон урчууд оролцжээ. Мэдээж хэрэг гол хөрөнгө оруулалт бол монголчууд байлаа. Бодалагийн Цагаан ордны хамгийн дээд давхарт үе үеийн Далай лам нарын өргөөний хананд энэхүү зургийг зуржээ. Тэнд маш олон зураг байна. Гаадамба ёсны ”Эцэг ном”, ”Хөвгүүн ном”-ын үлгэрээр зурсан зургууд байна. Бясалгал бүтээлд зориулсан маш олон хот мандал байна. Эдгээр зургуудыг зурахдаа эхэлж ханаа шохойдоод дээр нь шууд шороон будгаар өнгө тавьж зурсан байна. Харамсалтай нь, тохитой тухтай үзэх боломжгүй, өдөрт 10-20 мянган жуулчин үзүүлдэг байснаа болиод, өдөрт 6000 орчим хүн л оруулах болжээ. Уул өгсүүлж барьсан, мод чулуун хийцтэй энэ ордон нурж магадгүй тул удахгүй хаах юм уу, виртуал маягтай үзүүлэх тухай ч ярьж эхэлсэн байна билээ. Манай зураг бол энэхүү Цагаан ордны хамгийн дээд давхарт Далай ламын өргөөний баруун хананд, хамгийн баруун хаалганы дээр байна.

 - Энэ зураг нь Өндөр гэгээний 13 насны баярын үйл явдлыг өгүүлсэн, түүнд зориулсан бэлгийн зураг юм биш үү?

Г.Н: -1635 онд Түшээт ханы гэрт мэндэлсэн хөвгүүнийг тухай үеийн улс төрийн гадаад болоод дотоод хямралыг шийдэх хувь заяа хүлээж байлаа. Сэцэн хан Шолой убаши төрөөгүй байхад нь төмөр өлгий илгээж, өөрийн “гэгээн” цолоо ч энэхүү бяцхан хүүд өгч асар их найдлага тавьж байлаа. Харин төвөдүүд буюу гэлүгва хэмээх Шар малгайтны ёсныхон Жонан ёсыг хориглоод байсан ч халх монголчуудын цэргийн хүч, нөлөөнөөс айж, сонголтыг нь хүлээн зөвшөөрөв. Манай Эрдэнэзуу хийдийн ганжир бол Нацагдорж. Энэ нь гармава ёсны бэлгэ тэмдэг. Харин Өндөр гэгээний 13 насыг 1647 оны гал нохой жил Эеэр засагчийн 5 дугаар онд тэмдэглэжээ. Энэ үед 1639 онд байгуулагдсан Их хүрээ нь Ширээт цагаан нуур буюу одоогийн Өвөрхангай аймгийн нутаг Их Монгол уулын өврөөсөө нүүсээр, Эрдэнэзуу хийдээс урагш 25 км-т орших  Харзын голын эрэг дээр буугаад байжээ. Энэхүү баярт хот мандлын хэлбэртэй хотын дөрвөн үүдээр тухайн үеийн Халхын ноёд бүгд Есөн  цагааны бэлэг барьж, Хаан  болгон өргөмжилж, их баяр хийжээ. Энэхүү баяр ёслолоор Гэлүгва ёсыг хүлээн зөвшөөрсөн учир, Лхасын Бодала Цагаан ордны хамгийн дээд давхарт 1648 онд зуржээ. Төвөдүүд зурагдсан он цагийг 1645-1648 хэмээн бичсэн байна. 1648 он нь үнэнд илүү дөхөх байх. Энэ жил Цагаан ордонг барьж дуусгажээ.

 -Зургийн гол өгүүлэмж нь Монголын нийслэл  Их хүрээ нүүж, Шанхын хүрээ байгуулагдсан түүхтэй холбоотой  юм байна. Өнөөдрийн Улаанбаатар хотын түүхтэй ч холбогдох юм байна. Энэ талаар та бас хөндсөн нь анхаарал татсан?

Г.Н: -1649 онд 15 настай Занабазар Төвөд рүү ном сурахаар явжээ. Тэрээр таван жилийн дараа 1954 онд эргэж ирэв. Тэр хүртэл яг энэ зураг дээр байгаа Харзын гол (зарим сурвалжид Сарын гол гэнэ)-д байсаар байжээ. Тэр жил Өндөр гэгээн өөрийн дүү Билбидоржид зарим нэг сүм дуган, шүтээнээ өгч, өөрөө Их хүрээг толгойлон Хэнтийн рүү Сарьдагийн хийдийг барихаар хөдөлжээ. Энэхүү нүүдэлтэй уялдан одоогийн Шанхын хүрээ үүсжээ. Баруун талд үлдэж хоцорсон гэдгээрээ Баруун хүрээ ч хэмээн нэрлэдэг болжээ. Ямар ч атугай энд Чингис хааны тугийн сүм буюу Чингис хааны тахилга хийдэг сүм үлдсэн бөгөөд 1937 онд устгажээ. Одоо энэхүү сүлдний суурины чулуу нь Баруун хүрээний урдахь голын дэнжид бий. Ингээд л Өндөр гэгээн ч нүүгээд л, нийслэл хүрээ ч нүүгээд л явсан юм даа.

-Маргаж, мэтгэж байгаа хүмүүс "Нүүдэлчдийн хот байгуулалт"-ын тухайд их ярьж байна. Энэ талаар...? 

Г.Н:- ”Хүрээ нүүнэ, нүүхгүй гэж хоёр чавганц хэрэлдээд, булаг дээр шанагадалцсан” тухай аман яриа байдаг. Хүрээ нүүх, нүүхгүй нь чавганц нарт падгүй хэрэг ч, олон хүн малын хөлөөр бэлчээр талхлагдаж, үүнээсээ улбаалан байн байн нүүх хэрэг гарч байлаа. Их хүрээ бол анхан байгуулагдаад л хот мандлын буюу тойрог хэлбэртэй байжээ. Одоогийн Их тойруу, Бага тойруу гээд байгаа чинь мөн л тэр үеийн дугариг тойрог бүтэцтэй байсныг илтгэсэн гудамжны нэр  байгаа юм. Дөрвөн талдаа уултай. Дөрвөн талдаа хаалга үүдтэй. За тэгээд чулуугаар горооны замтай. Гороо гэснээс Монгол, Төвөд, Балба хэлэнд бүгд гороо гэнэ. Бүгд л тойрно. Непалын Жарун хашор, Соёмбнат суваргыг өглөөнөөс эхлээд л гороолно. Нүүдэлчдийн хот бол хот мандал хэлбэртэй хот. Хотын төвд Хаан сууна. Эргэн тойрон сүм хийд лам хувраг. Их хүрээ рүү тэр бүр орох боломжгүй. Зөвхөн бараадан тойрч гороо хийдэг. Хүрээний газар улай хийх хориотой. Богд уул харагдах газар амьтны амь тасалж болохгүй. Энэ бол хотын тухай итгэл үнэмшил нь байлаа. Хот бол итгэл үнэмшил хүндлэл дээр тогтдог байжээ. 1920  он хүртэл монголчууд Нийслэл хүрээгээ /одоогийн Улаанбаатар хот/ өглөөний 6.00 цагаас үдийн 12.00 цаг болтол 3-9 удаа тойрч гороолдог байсан бөгөөд Богдын Ногоон ордон буюу Богд хааны ордон музейг Шамбалын орон болоод Дүйнхор бурханы хот мандал хэмээн гороо хийдэг байжээ. Хүрээний эргэцийн магтаалд

Хүрээнд чинь багтая аа

Хүмүүн төрлийг олъё оо хэмээн дуулдаг байлаа.

Хүрээний голд 1892 онд шатсан Шар ордон буюу Богдын шар бөсийн орд болоод шар бөсөн хэрэмтэй Батцагаан дуган ч байна. Нийтдээ 23 сүм хийд газар бүрээс нэгдэж, Их хүрээг байгуулжээ. Хүрээ 30 аймагтай нэр нь тэр бүр нийлэхгүй. Гүнрэг хамцан, Сандуй хамцан, Дүйнхор хамцан гэж аймгуудыг нэрлэжээ.

-Энэ зурагт тэр үеийн хаад, ноёд, лам нар, энгийн харц иргэдийн хувцсыг ч ялгаатай, тун нарийн өнгө будгаар ялгаж урласан байна. Энэ бол зураачийн нөр их хөдөлмөрөөс гадна хувцас хэрэглэлийг бодитой зурсных байх. Зарим нэг хувцас хэрэглэлийг одоогийн бид бүрэн таньж, нэрлэж чдахгүй шүү дээ?

Г.Н: -Зураг дээрх үйл явдал бол Цагаан сар. Тийм учраас ноёд нь булга, суусар хүрэм өмсжээ. Тойн лам буюу язгууртан гаралтай лам нар нь номт гурван хувцас, овоодой асаасан байгаа бол барга малгай болоод хар хиазтай дээл өмсөж, орхимж эгэлдэргэлсэн язгууртан гаралтай тойд ч байна. Есөн цагаан тэмээ, морь болоод зарим нь зургаан морь, гурван тэмээ хөтөлсөн байна. Зарим нэгэн тав гэзэгтэй хүмүүс ч үзэгдэнэ. Энэ бол монголчууд Манжийн захиргаанд ороогүй байсан үе шүү дээ. Манж нар  40 түмэн Монголын гурван аймаг нь байсан. Өөрөөр хэлбэл, манж нар ч ирж, бэлэг сэлт өгнө. Энэ бол маш том үйл явдал харуулсан зураг.

-Монголын түүхтэй холбоотой энэ зураг яагаад Төвөдийн хаад болох Далай лам нартай холбогдчихсон юм бэ. Тэр тусмаа Бодалагийн хананд яагаад зурсан байх билээ?

Г.Н: - Бодалаг барьсан гол хөрөнгө оруулагчид бол монголчууд байсан гэдгийг дээр дурдсан. Мөн  яг барьж байх тэр  үед нь монголчууд асар их хөрөнгө оруулж байлаа. Хамгийн хүчирхэг цэрэг армитай байлаа. Гэлүгва ёсны анхны шахуу хийд нь тэр байлаа. Хамгийн гол нь баригдаад  удаагүй байхад нь Өндөр гэгээн ном үзэхээр Төвөдөд очсон. Төвөдийн Лхасын ханан дээр түүний 13 насны баярыг дүрслэн зурсан байгаа нь улс төрийн хүндлэл бас итгэлцэл байлаа. Маш олон шалтгаанаар энэ зураг зурагджээ.

-Та зураг сэргээн засагчийн хувьд, уг зургийн  хадгалагдсан нууцаас хэлж болох уу?

Г.Н: - Энэ зураг 371 жил хадгалагдаж байна. Зургийг  ханан дээр шороон будгаар зурсан. Маш жижиг цонхоор бол ер нарны гэрэл буюу байгалийн гэрэл тусахгүй. Одоо хүртэл бараг хүнтэй чацуу шахуу том том цөгцөнд зул өргөж л энэ ордныг гэрэлтүүлж байна. Хэдийгээр гэрэл байх боловч энэ нь маш бүдэг шар гэрэл. Дээрээс нь Бодала үзэж яваа хүн зураг авах хориотой. Хулгайгаар авсан ч гарахгүй хамгаалалтын системтэй. Энэхүү зургийн тухай хоёр ч удаа урьд нь хэвлэн нийтэлснээс өөр юмгүй. 1645-1648 онд бүтээгдсэн Халхын Жавзандамба хутагтын Гандан хийдийн зураг гэдгийг яг зураг дээр нь анх зурахдаа л улаан шунхаар бичсэнээс өөр тайлбаргүй. Бас том том голлох гэр дугануудын нэрийг улаан шунхаар анх бичсэн хэвээрээ л байна. Зургийг монгол хүн буюу маш сайн мэддэг хүн монгол зургийн аргаар зуржээ. Хүний нүүр царайг бараг танигдтал их тод бодит зурсан. Айл гэрийнх нь тоогоор хотын хүн амыг ч гаргаж болохоор. Цаашаа бол судалгааг гүнзгийрүүлж хийх хэрэгтэй байна. Хэд хэдэн энэ үеийн харьцуулан судлах зураг бий. Би ямарч байсан  англи, хятад, монгол тайлбартай судалгааны ном гаргана. Тэр үед нь дэлгэрэнгүй уншаарай.  Надтай хамтарч  судлах, ном бичих, ярих бүрэн боломжтой. Зургийн түүхийг ганц удаа яриад дуусахгүй.



Холбоотой мэдээ