Нийслэлд 199.196 иргэн газраа өмчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 10-р сарын байдлаар нийслэлд нийт 199.196 иргэнд газар өмчлүүлээд байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр мэдээллээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн. Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг, сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0.07 га буюу 700 ам м хүртэл, аймгийн төвд 0.35 га буюу 3500 ам м, сумын төвд 0.5 га буюу 5000 ам м хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй гэж заасан.
Иргэд эзэмшиж буй
газраа өмчилж авснаар өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол Улсын иргэнд
худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах давуу талуудтай
бөгөөд дээр нь хууль тогтоомжид заасан бусад эрхийг ч мөн эдлэх боломжтой”
гэлээ.
Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулинд 2008
онд нэмэлт өөрчлөлт орж Монгол Улсын иргэн бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй
болсон. Иймд 2003-2008 онд гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн
аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж бусад гишүүндээ газар үнэгүй өмчлөх
эрхийг нь нээж өгөх боломж бүрдэж байгаа. 2019 оны байдлаар 25771 иргэн
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж хамтран өмчлөгчөө хасуулж 74.624 иргэнд шинээр газар өмчлөх эрх нээж өгсөн
байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 10-р сарын
15-наас 12-р сарын 15 хүртэл Газар өмчлөлийн тухай
хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөн ажиллаж
байна.