Иргэдийн спортын их наадмын дугуйн уралдаанд 300 гаруй хүн оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-19 16:08:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд, Иргэдийн спортын VIII их наадмыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Монголын Дугуйн холбоо хамтран зохион байгуулсан дугуйн парад, уралдаанд нийт 300 гаруй мэргэжлийн тамирчин болон сонирхогчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. 


Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү энэ үеэр хэлэхдээ, “Дугуйн спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж, 300 мянгад дөхөж байна. Дугуйн спорт хамгийн олон сонирхогч тамирчинтай спорт болон хөгжиж байгаа нь цаашид манай залуус энэ төрөлд улам их амжилт гаргах боломж, ирээдүй харагдаж байгаа юм. Монголын дугуйн холбоо жилийн хугацаанд гадна, дотны 40 орчим тэмцээн, уралдаанд дугуйчдаа тогтмол оролцуулдаг бөгөөд тамирчдын үзүүлэх амжилт ч өссөөр байна. Монголын дугуйн холбоо цаашид цаг агаараас үл шалтгаалах бэлтгэлийн баазтай болох асуудлаар хотын удирдлагууд болон олон улсын байгууллагуудтай уулзалт хэлэлцээг эхлүүлсэн гэв. 


Энэ жил Монголын дугуйн холбоог үүсгэн байгуулсны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл амьдрах дадал, хэвшил олгох хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтойг тэрбээр онцлов.


Иргэдийн спортын VIII их наадам спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуус, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнийг нас насны ангиллаар гурван үе шаттай зохион байгуулж байна.


Холбоотой мэдээ