Нүүдэлчин зуухны галлагааны зааврыг видео хэлбэрээр иргэдэд хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-17 17:10:58

Төв  /МОНЦАМЭ/. Хүн ам ихээр суурьшсан бүсэд агаар орчны бохирдлыг нэмэгдүүлдэг томоохон шалтгааны нэг бол гэр хорооллын түлшнээс гардаг утаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал агаарын бохирдлын гол эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын утааг багасгах, оршин суугчдын ая тухтай, тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ЭКО тохилог хашаатөслийг хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд утаа бага гардаг, түлшинд хэмнэлттэй “Нүүдэлчин” зуухыг аймгийн төв Зуунмод, Баянчандмань, Эрдэнэ суманд хот суурин газрын агаарын бохирдлыг арилгах зорилготой нийлүүлжээ. Зуух нь олон улсын чанарын стандартад нийцсэн  мод, нүүрсний 40-50 хувийн хэмнэлттэй, түлшний хэрэглээ нь хяналттай, хэрэгцээгээрээ нэмж болдог, уламжлалт аргаар галладаг, хийц өнгө үзэмжийг монгол ахуйд тохируулан хийжээ. Нүүрс, мод, аргал, хөрзөн болон сайжруулсан түлшинд тохиромжтой, төдийгүй дулаанаа удаан барих зэрэг олон давуу талуудтай гэнэ. 

Айл өрхүүдэд галлагаа эхэлж байгаатай холбогдуулан “Нүүдэлчин” зуухны галлагааны зааварчилгааг видео хэлбэрээр иргэдэд хүргэж, аюулгүй галлах зааврыг биечлэн үзүүллээ.

Холбоотой мэдээ