Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйг хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-10-16 17:36:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын ёс зүйн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт (ММНБИ)-ээс гишүүн байгууллагын дунд “Ёс зүйгээ дээдэлье” өдөрлөгийг “Холидэй Инн” зочид буудалд зохион байгууллаа.

Нягтлан бодогч, аудиторуудын ёс зүйн дүрмийг батлан, хэрэгжилтийг хянан ажиллах чиг үүрэгтэй байгууллагын хувьд Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь гишүүдийнхээ дунд ёс зүйн дүрмийг нэн түрүү чандлан биелүүлэх учиртайг ММНБИ-ийн Аудит, ёс зүй хариуцсан дэд захирал Ш.Энхтүвшин өдөрлөгийн нээж хэлэхдээ онцолж байв.


Санхүүчид, нягтлан бодогч нар ёс зүйтэй байж, болзошгүй нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагаас тогтоосон дүрэм, журам, мэргэжлийн стандартуудыг ханган мөрдөж ажиллах нь чухал. Энэ нь байгууллагад санхүүгийн аливаа хүндрэл, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлдэгийг мэргэжилтнүүд өнөөдрийн өдөрлөг уулзалтын үеэр онцолж байлаа.

Өдөрлөгт "Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм, гишүүдийн эрхийг хамгаалах нь" сэдвээр мэдээлэл, технологийн мэргэжилтэн Н.Дэмбэрэл, "Хувь хүн болон нийгмийн ёс зүй" сэдвээр "Шихихутаг" их сургуулийн багш, хуульч Ц.Амарсанаа, "Сэтгэл зүй ба ёс зүй" сэдвээр лектор Н.Чила нар илтгэл тавьж, ёс зүйн сэдэвт сурталчилгаа танилцуулав.




Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт (ММНБИ) нь Нягтлан бодогчдын Олон улсын холбоонд Монгол Улсыг төлөөлөх эрх хүлээдэг. Өнөөдөр тус институт 4573 мэргэшсэн нягтлан бодогч гишүүнтэй, аудитын 132 компани бүхий гишүүн байгууллагатай, 30 салбартай ажиллаж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ