Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-16 08:22:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, УИХ-ын даргын 2019 оны 177 дугаар захирамжаар байгуулсан ажлын багийн санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.


Харин 11.00 цагт эхлэх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн хуулийн төсөл хэлэлцэнэ. Байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


Түүнчлэн өнөөдөр Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал, зарим УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах талаар хэлэлцэхээр товлосон байна.

Холбоотой мэдээ