Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-15 16:13:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. 


Хуулийн төслийг Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм. Энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатны 19.5 сая евро, 2018 оны хэлэлцээгээр төслийн гурав дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцсон. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн гуравдугаар зүйлд заасны дагуу тус төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын авто машиныг Онцгой албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.


Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Холбоотой мэдээ