Эх дагинын сүмд гал гарсан тухай цуврал бүтээнэ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-15 13:54:24

ПАРИС. /AFP/. Эх дагинын сүмд гал гарсан тухай телевизийн цуврал бүтээхээр төлөвлөж байгаагаа Францын “Vendome” компани өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ.


Эх дагинын сүмд болсон энэхүү хэрэг явдлыг сэтгүүлчид эрэн сурвалжилж, “The New York Times” сонинд хэд хэдэн нийтлэл гаргасан бөгөөд эдгээр нийтлэл дээр тулгуурлан телевизийн цувралыг хийх аж. Эдгээр материалаар кино хийх эрхээ “Vendome” компани хэдийнээ авжээ. 


"Цувралыг 4-6 ангид багтааж магадгүй байгаа бөгөөд бодит байдалтай аль болох ойрхон хийхээр төлөвлөж байна” хэмээн “Vendome” компанийн тэргүүн  Филип Руселле  мэдэгджээ. Гэсэн хэдий ч сүмд гал гарсантай холбоотой шинэ баримтууд гарахын хэрээр зохиол өөрчлөгдөж болзошгүйг тэрбээр үгүйсгэсэнгүй.


Дөрөвдүгээр сарын 15-ны орой Эх дагинын сүмд дэгдсэн гал түймрийн улмаас сүмийн орой болон дээврийн гуравны хоёр орчим хэсэг сүйдсэн билээ. Гал гарсан шалтгааныг одоог хүртэл олж тогтоогоогүй байна. Энэхүү харамсалтай явдлын дараа Э.Макрон сүмийг сэргээн засварлах ажил Парис хотноо Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах жил буюу 2024 он гэхэд дуусна хэмээн амласан юм. 

Холбоотой мэдээ