Цэцэрлэг хотод 2,7 тэрбум төгрөгийн өртгөөр оюутны дотуур байр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 17:01:10

МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль дээр өнгөрсөн өдрүүдэд “TEACHER DEVELOPTENT-TECHNOLOGY INNOVATION” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд багш бэлтгэдэг гадаад, дотоодын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар сонирхолтой илтгэлүүдийг тавилаа.

Тус арга хэмжээнд АНУ-ын Энхтайвны корпус, ОХУ-ын Буриадын коллеж, Тувагийн их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын Хөлөн буйр хийгээд Эрээн хотын олон улсын дээд сургууль түүнчлэн Улаанбаатар хотоос Боловсролын хүрээлэн, “Их Засаг” их сургууль, МУБИС-ийн “Улаанбаатар” багшийн сургууль, боловсрол судлал, математик-байгалийн ухаан, нийгэм-хүмүүнлэгийн ухаан, урлаг-биеийн тамир, СӨБ-ын сургуулиуд, МУБИС-ийн Завхан сургууль, Дархан уул аймаг дахь ХААИС болон Архангай, Орхон, Дархан–Уул аймаг дахь Архангайн Багшийн сургуулийн зочид төлөөлөгчид идэвхитэй оролцлоо.

“Архангайн Багшийн сургууль-65 жил”-илтгэлдээ, тус сургуулийн захирал Г.Батсуурь өөрийнхөө сургууль байгуулагдсаны 65 жилийн ойг ажлын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал болж байгааг онцлоод, энэ жил боловсролын яамны хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг  хотод 2,7 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй оюутны дотуур байр баригдах болсныг баяртайгаар мэдэгдлээ.

Зочдод зориулж, Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драммын театрын бүжигчид, Архангайн Багшийн сургуулийн оюутнуудын хамтарсан урлагийн тоглолтыг үзүүллээ. Ялангуяа “Булган уул” “Гурван тамирын уянга”-дуут бүжгүүд үзэгчдийн зүгээс өндөр талархал хүлээлээ.

      Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ