Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын гадаад өр 29.7 тэрбум ам.доллар

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-14 22:01:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Монгол Улсын 2020 төсвийн төслийг хэлэлцсэн байна.


Ирэх оны төсвийн орлогыг 11.7 их наяд төгрөг, зарлагыг 13.8 их наяд, төсвийн алдагдал  хоёр их наяд төгрөг  буюу ДНБ-ний 5.1 хувь байхаар өргөн барьсан юм. Төсвийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Ирэх оны төсөвт хэд хэдэн ололттой тал байна гэж бүлэг үзсэн. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хэд хэдэн зүйлийг ирэх оны төсөвт тусгасан байна. Ялангуяа нийгэм хамгааллыг сайжруулах амлалтууд үндсэндээ ирэх онд бүрэн хэрэгжиж дуусна. Мөн 2018, 2019 онд баригдаж дуусаагүй барилгуудыг ирэх онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Тиймээс энэхүү төслийг нарийн судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулах нь зөв гэж бүлэг үзлээ. Ажлын багт цөөнхийн төлөөлөгчийг оруулах болно" гэв.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "2020 оны төсвийг боловсруулахад гадаад, дотоодын олон эрсдэл байна гэж тооцоолсон. Гадаад эрсдлийн хувьд худалдааны дайн, түүхийн эдийн үнийн хэлбэлзэл, дэлхийн эдийн засгийн өсөлт саармагжих магадлал байна. Дотоод эрсдэлийн тухайд дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал манай экспортын гол бараа, бүтээгдэхүүний үнэд  нөлөөлж магадгүй, өвөлжилт байдал хүндэрч болзошгүй, мөн ФАТФ-ын  "саарал жагсаалт" бий. Нүүрсний экспорт 42 сая тонн, зэсийн баяжмал 1225 мянган тонн байхаар төсөөллөө. Алт олборлох хэмжээг хоёр тонноор бууруулж төсөөлсөн. Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар. Үүнээс 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компаниудынх. Тухайлбал, “Оюутолгой”, “South gobi sand”,  “Хөгжлийн банк”, “Монголын алт”, “Алтай хүдэр”, “МИАТ”, “Ачит-Ихт” зэрэг компанийн гадаадаас авсан зээл багтаж байгаа. Үүний 50 хувь нь буюу есөн орчим тэрбум ам.доллар нь "Оюутолгой" компанийнх. Монголын 34 хувь, гадаадын 66 хувь гэлтгүйгээр Монголын Улсын өрөөр бичигддэг. Бусад салбарын төсвийг товчоор хэлбэл инфляцийн түвшинтэй уялдуулж, цалин, тэтгэвэр нэмнэ. Мөн царцаасан буюу хөрөнгө оруулалтгүйн улмаас зогссон 23 барилгыг үргэлжүүлэхэд зориулж 23 тэрбум төгрөг төсөвлөсөн"  хэмээв.

Холбоотой мэдээ