Аймгийн гадаргын ус бохирдолгүй, цэвэр гэж гарчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-14 14:07:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгий нуур- Өгий нуур, Тэрхийн цагаан нуур -Тариат, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 4 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ. Архангай аймгийн гадаргын усны чанарын есдүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс Өгий нуур, Их тамир-Хойд тамир, Урд тамир дээд, доод хяналтын-шинжилгээний цэгүүдийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр гэж гарчээ.

Тухайлбал, Өгий нуур-Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход нуурын усны орчин рН=8.75 буюу  шүлтлэг, эрдэсжилт 586,8 мг/л буюу их эрдэсжилтэй буюу өмнөх сартай харьцуулахад бага зэрэг буурсан байна. Усны хатуулаг 1.79 мг-экв/л буюу зөөлөн устай байжээ. 

Тэрхийн цагаан нуур -Тариат  Нуурын усны хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7,94 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 120,9 мг/л буюу бага эрдэсжилтэй, усны хатуулаг 0.62 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж нь стандартаас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байсан байна. 

Холбоотой мэдээ