"Харанга" хамтлагийнхан үзэсгэлэн гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-15 11:34:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Харанга” хамтлагийнхан 30 жилийн ойдоо зориулж  “Сэнгэраги арт галерейд үзэсгэлэн гаргаад байна. “Харанга” хамтлагийн дуунууд эгшиглэсэн үзэсгэлэнгийн танхимд тус хамтлагийн уран бүтээлчдийн хөрөг зургийг 10 гаруй зураачийн зурснаар дэлгэжээ.

Түүнчлэн үзэсгэлэнд "Харанга” хамтлагийн 1991 оны “Дэлхий ертөнц” тоглолтод өмсөж байсан савхин хүрэм, хантааз, социалист орнуудаас худалдан авч байсан бөмбөр, бугуйвч, 1989 оны “Амьдрал” концертын хувцсыг дэлгэсэн байв. Тэр дундах цагаан сувдан шигтгээтэй түрийтэй гоёмсог гутал бол “Богдын хатан, Харангын Чука хоёр сувдан гуталтай” гэх яриаг ч гаргаж байсан билээ.  



“Бид хувь хувьдаа өөрсдийнхөө зураг, хувцас, хэрэгслийг хадгалдаг байсан. Энэ удаагийн үзэсгэлэнгээр өөрсдийн хадгалж буй зүйлээ нэгтгэн хүмүүст сонирхуулж байна. Зарим нь он цагийн эрхээр гээгдэж алга болсон. Хамтлагийн үзэсгэлэнд бидний эдэлж хэрэглэж байсан зүйлсийн 60 орчим хувийг дэлгэсэн. Цаашдаа бас “Харанга” хамтлагийн музей байгуулах бодолтой байгаа” гэж  Ц.Энхманлай ярив. 


Залуу зураач Б.Отгонтүвдэн дуучин  Х.Лхагвасүрэнг, зураач  М.Болортуяа бөмбөрчин Н.Пүрэвдашийн хөргийг зуржээ. "Монголын уран бүтээлчдийг зурсан зураг дунд “Харанга” хамтлагийн зураг маш их байсан. Түүхт 30 жилийн ойд нь зориулан Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчид уран бүтээлээрээ мөн бэлэг барьж байна. Өмнө нь Монголд хамтлагийн үзэсгэлэн гарч байгаагүй байх. Энэ бол анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог” гэж үзэсгэлэнг зохион байгуулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр онцлов.


Үзэсгэлэн сонирхогчид "Харанга" хамтлагийн зурагтай мэндчилгээ, наалт, түлхүүрийн оосор  худалдан авч байлаа. 


Холбоотой мэдээ