Автомашины хулгайн хэргийг илрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 14:34:53

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх орон сууцны Хэрлэн хорооллын гаднаас алдагдсан Тоёота королла маркын автомашиныг аймгийн Цагдаагийн газрынхан олж эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Хэнтий аймаг дах Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын албанд “Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх орон сууцны Хэрлэн хорооллын гадаах машины зогсоолоос Тоёота королла маркын автомашин алдлаа” гэсэн дуудлага ирсний дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилж, аймаг, бүс нутгийн хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимтэй зохион байгуулж ажилласны дүнд Төв аймгийн Лүн сумын нутгаас хулгайд алдагдсан машиныг олжээ.

Мөн энэ хэргийг үйлдсэн этгээдүүд нь Өвөрхангай аймгийн харьяат, урьд нь машин хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан төрсөн ах дүү Д, Б нар болохыг тогтоож, Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс шуурхай дайчлан баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Иймээс Хэнтий аймаг дах Цагдаагийн газраас иргэддээ тээврийн хэрэгслээ орон сууцны гадаах зогсоолд тавих бол хүнд харагдах ил хэсэгт байрлуулах, хаалга, цонхыг тогтмол цоожилж шалгаж хэвших, машиндаа хамгаалалтын дохиолол суурилуулахыг зөвлөж байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ