Польшийн яруу найрагч Ольга Токарчук, Австрийн зохиолч Петер Хандке нар Нобелийн шагнал хүртлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-11 13:04:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нобелийн шагналтныг тодруулах хороо энэ сарын 10-нд  уран зохиолын салбарын шагналтныг нэрлэлээ. Энэ жилийн Нобелийн шагналын  онцлог нь уран зохиолын 2018 ба 2019 оны хоёр шагналтан зэрэг олгож байгаа  явдал юм.

Энэ шагналын олгодог Шведийн академи, Нобелийн сантай хамтран Уран зохиолын  шинэ хороо байгуулж, энэ жилийн  хоёрдугаар сарын 1-нээс дэлхийн 200 гаруй зохиолчийн бүтээл хүлээн авч шүүн тунгаажээ. Хүлээлт, маргаан их байсан ч  Польшийн яруу найрагч Ольга Токарчук (2018), Австрийн  зохиолч Петер Хандке   нар 2019 оны  Нобелийн уран зохиолын шагнал хүртлээ.

 Австрийн үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, 76 настай Петер Хандке  1960-аад оны дундуур уран бүтээл бичиж,  “Олон нийтийн доромжлол”  жүжгээрээ шуугиан тарьсан юм. Шүүмжлэгч шинжээчид  “Олон нийтийн доромжлол” жүжгээс гадна “Мэргэ таавар” жүжгийг нь ч үнэлсэн.  Петер Хандкегийн Сербитэй холбоотой сөргөлдөөнд  Слободан Милошевичийг  дэмжин НАТО-г буруутгаж улс төртэй хэсэг хутгалджээ. 

Петер Хандке 1942 онд Австрийн Гриффен хотод төржээ. Хандке орчин цагийн хамгийн алдартай немц хэлт зохиолчдын нэг  юм. 1966 оноос хойш тэрбээр жүжиг, роман, кино зохиол, сонгодог зохиолчдын орчуулга оролцсон 100 гаруй ном бичжээ. “Арван нэгэн метрийн цохилтын өмнөх хаалгачдын айдас” тууж (1970), “Гэртээ удаанаар эргэн ирсэн нь”(1979), Сент Виктуар уулын сургааль” (1980) зэргийн олон ном нь гадаадын олон хэлэнд хөрвүүлэгдсэн байгаа.

 Польш зохиолч, яруу найрагч Ольга Токарчук 2018 онд “Нисэлт” романаараа Олон улсын Букерын шагнал авсан нь польшдоо  анхдагч  болсон бол  энэ жил Нобелийн шагналтан болов. Ольга Токарчукын өвөө нь польш, эмээ нь укриан.  Тэд Тернополийн хязгаарынхан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа гэр бүл нь бутран Ольга Токарчук Польшид төржээ. Ольга Токарчук 1962 онд Польшийн баруун хэсгийн  Сулехув хотод төржээ.  Оюутан цагтаа  Варшавын их сургуульд сэтгэл зүй судлав. Дараа нь Лондон хотноо буудлын үйлчлэгч, эх орондоо Вроцлав, Валбжиха хотод мэдрэлийн эмчээр ажиллаж байхдаа бичсэн  зохиолууд нь нэртэй болонгуут  уран зохиол дагнан бичих болжээ. Токарчук 17 ном бичсэн ба "Правек ба өөр цаг үе", "Үрэгдэгчдийн ясан дээгүүр анжисаа явуул”,  “Өдрийн байр, шөнийн байр”, ”Нисэлт”  зохиолууд нь их алдартай. Зохиолч өөрийгөө феменист гэж нэрлэдэг ба Польшид ижил хүйстнүүдийн эрхийг өргөжүүлэхийн төлөө тэмцдэг. Одоо тэр гэр бүлийнхээ намтрын роман дээр ажиллаж байна. 


Холбоотой мэдээ