БНАСАУ Европын орнуудыг хурцаар шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-11 11:31:24

ПЁНЬЯН. /NHK/. Шумбагч онгоцноос баллистик пуужин туршсан хэмээн БНАСАУ-ыг зэмлэн буруушаасан Европын зургаан орныг Пёньян хурцаар шүүмжилсэн байна. Европын орнууд АНУ-ын хатгалгаар мэдэгдэл хийсэн хэмээн БНАСАУ үзэж байгаа аж.


НҮБ-ын Аюулгүй Зөвлөл Пёньяны буруутай үйлдлийг тогтоосон боловч Вашингтоныг тив хоорондын баллистик пуужин туршихад ямар ч мэдэгдэл хийгээгүй гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгджээ. 


Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ “Pukguksong-3” пуужинг харвах туршилт явуулсан юм. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, уг туршилтаар БНАСАУ-ын хамгаалалтыг бэхжүүлэн улсынхаа эсрэг учирч болзошгүй аюул заналтай тэмцэх шинэ үе шатыг харуулсан ажээ.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл уг туршилтын талаар хаалттай хэлэлцсэний дараа Франц, Герман тэргүүтэй өөр бусад дөрвөн орон мягмар гарагт хамтарсан мэдэгдэл гаргажээ. БНАСАУ-ын туршилт НҮБ-ын тогтоолуудыг илт зөрчсөн хэмээн тэд үзсэн байна.


АНУ, БНАСАУ-ын ажлын түвшний хэлэлцээ амжилтгүй болсноос хэд хоногийн дараа Европын орнууд мэдэгдэл хийжээ. Вашингтон цөмийн хэлэлцээ удахгүй үргэлжилнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн бол хэлэлцээг үргэлжлүүлэх эсэх нь АНУ-ын шийдвэрээс хамаарна гэж Пёньян мэдэгджээ. 

Холбоотой мэдээ