Дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ хилийн ноцтой зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-10 17:44:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар галт зэвсэг нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг хилчид таслан зогсоожээ.

Тодруулбал энэ сарын 8-ны өдрийн орох чиглэлээр Монгол Улсын иргэн Ч, А нарын зорчин явсан 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоциклд шалгалт хийхэд 7.62 мм-ийн АК-103 маркийн автомат буу, 7.62 мм-ийн хоосон сум 89 ширхэг, мөн “denix made in spain” маркийн гар гранат, Ф-1 маркийн гар гранат тус бүр нэг, нэг ширхэгийг тээшиндээ нуун, хилээр нэвтрүүлэх гэж байсныг хилчид илрүүлсэн байна.

Энэхүү зөрчлийг тухайн өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан тээврийн хэрэгслийн шалгагч, дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ илрүүлжээ. Мэргэжлийн өндөр ур чадвар гарган, хилчин хүний сонор соргог мэдрэмжээр үүргээ сайн биелүүлж, зөрчил илрүүлсэн дэд ахлагч Б.Болор-Эрдэнийг ХХЕГ-ын даргын тушаалаар Онц хилчин тэмдгээр шагнасан аж.   

Холбоотой мэдээ