ШӨХТГ-ын орон нутаг дахь байцаагч нарын эрх, үүргийг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-10-10 15:24:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-ын орон нутаг дахь улсын байцаагч нар иргэдийг соён гэгээрүүлэхээс өөр хянан шалгаж торгох эрхгүй ажиллаж байна.

Энэ байдлыг өөрчлөх талаар өнөөдөр “Блю скай” төвд болж буй “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт” улсын зөвлөгөөнөөр хэлэлцэж байна. Энэ талаар бид Орхон аймгийн хууль эрхзүйн хэлтсийн дарга, ШӨХТГ-ын аймаг хариуцсан ахлах байцаагч Б.Ганзоригоос тодрууллаа.


-Өнөөдөр ШӨХТГ аймаг орон нутагт хэрхэн ажиллаж байна вэ?

-ШӨХТГ өнөөдөр аймаг, орон нутагт албан ёсны, орон тооны ажилтангүй байгаа. Энэ ажлыг аймгуудын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хууль эрхзүйн хэлтсийн дарга нар давхар гүйцэтгээд явж байна. Тиймээс орон нутагт шударга өрсөлдөөнтэй холбоотой тендерийн болон сонгуулийн, хэрэглэгч иргэдийн эрх ашгийг хөндсөн маргаан гарахад энэ талын шийдвэрлэх ёстой гомдлыг ихэвчлэн ШӨХТГ-т буюу төв рүү хүргүүлж ажиллахаас хэтрэхгүй байна.

-Үүнийг тэгвэл яаж өөрчлөн шийдэх гэж байна вэ?

-ШӨХТГ-аас Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн барьж байгаа. Энэ хуулийн төслөөр ШӨХТГ аймаг, орон нутагт орон тооны ажилтантай болох талаар бүрэн шийдэх юм. Ер нь бол одоо аймаг, орон нутаг хариуцаж буй Улсын байцаагч нар өрсөлдөөний талаар соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг бие даан зохион байгуулах эрхтэй л ажиллаж байна.


Иргэд орон нутагт шударга өрсөлдөөнийг юу гэж ойлгодог гэхээр зах дээр худалдаж буй хүнсний бүтээгдэхүүний үнийг буулгах хэрэгтэй байна, эсвэл үүнд хяналт шалгалт хийх ёстой гэсэн байдлаар хандан гомдлоо ирүүлдэг, тавьдаг. Гэтэл үнэндээ хуулиараа бид үнийг зохицуулах ямар ч боломжгүй байдаг.

Харин үнийг тогтоохдоо тухайн ААН, байгууллагууд хоорондоо эвсэн хэлэлцэн тохиролцоод байна уу, эсвэл давамгай байдал гарган ашиглаж байна уу гэдэгт л бид хяналт тавьж ажилладаг. Ийм нөхцөл байдалтай байдгийг иргэдэд ойлгуулах шаардлага бол бий.

-Хуулийн шинэчлэлээр аймаг, орон нутаг дахь байцаагч нар орон тооны болбол тэд ямар бүрэн эрхтэй болох вэ?

-Юуны өмнө иргэдийн гомдол, саналыг газар дээр нь түргэн шуурхай шийдэх боломж бүрдэнэ. Дээр нь зөрчлийн хэрэг нээгээд, түүнийг шалган шийдвэрлэж хариуцлага тооцох зэрэг олон давуу байдал бий болно. Гомдлын мөрөөр шалган хариуцлага тооцдог болно гэв.


2007 оны Зөрчлийн хуулиар зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын жагсаалтыг гаргасан. Энд ШӨХТГ-ын аймгууд дахь ахлах байцаагч нар орж, зөрчил хянан шийдвэрлэх эрхтэй болсон уу гэхээр прокурорын газраас тэднийг орон тооны бус гэдгээр зөрчлийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үздэг байна. Тиймээс Өрсөлдөөний хуулийг орон нутагт хэрэгжүүлэгч байцаагч нар өнөөдрийг хүртэл өрсөлдөөнтэй холбоотой хэрэг зөрчил, маргаан гомдлыг нийслэл рүү л ирүүлдэг хэвээр байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ