Кубын парламент 40 жилийн дараа анх удаа Ерөнхийлөгчөө сонгоно

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-10-10 12:46:24

ХАВАНА. /TASS/. Кубын Ардын засгийн Үндэсний ассамблей буюу нэг танхимтай парламент өнөөдөр ээлжит бус чуулганаараа шинэ Үндсэн хуулийн дагуу сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа улсынхаа Ерөнхийлөгчийг сонгоно.  


Парламентын гишүүдэд нэр дэвшигчдийг хуралдааны үеэр шууд танилцуулах бол депутатуудын 50-иас дээш хувийн саналыг авсан нэр дэвшигч ялагч болно. Мөн ийм горимын дагуу 21 гишүүнтэй Төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох аж. Ерөнхийлөгч санал хураалтын дүнг зарласны дараа үүрэгт ажилдаа шууд орох ёстой байна. Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил боловч төрийн тэргүүний энэхүү бүрэн эрх нь арай бага хугацаанд үргэлжилнэ. Учир нь шинэ Үндсэн хуулийн дагуу 2023 онд парламентын сонгуулийн хамт шинэ сонгууль болно. Үүнтэй ижил арга хэмжээг мөн хамгийн дээд эрх мэдэлтэй байгууллага хэвээр байгаа Ардын засгийн үндэсний ассамблейн бүрэлдэхүүнийг дахин сонгохоос зайлсхийхийн тулд авчээ. 


Кубад өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 73.3 хувь нь буюу 6 сая 81 мянга нь шинэ Үндсэн хуулийг батлахын төлөө саналаа өгчээ. Тус улсын Үндэсний сонгуулийн хорооноос мэдээлснээр, бүх нийтийн санал асуулгын ирц 84.4 хувьтай гарсан байна.


Үндсэн хуульд оруулсан гол өөрчлөлтүүдийг дурдвал, хувийн өмчийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, коммунизм байгуулахаас татгалзах, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалыг бий болгох, төрийн эдгээр өндөр албан тушаалыг хаших хугацааг таван жилээр хязгаарлах зэрэг юм. Харин төрийн социалист шинж чанар болон Коммунист намын нийгэмд гүйцэтгэх манлайллын үүргийн тухай заалтуудыг хэвээр үлдээсэн байна.


Холбоотой мэдээ