Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-08 20:34:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орж, энэ сарын сарын 7-ны өдөр нээлтээ хийлээ.

Өнгөрсөн зургадугаар сард цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээн авч, багш, ажилтнуудыг томилон, есдүгээр сарын 1-нээс цэцэрлэгийн дотоод тохижилт, суралцах орчныг бүрдүүлж, ийнхүү үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдсэн байна.  

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, эцэг эхийн төлөөлөл, тус цэцэрлэгт хүмүүжих бяцхан хүүхдүүд болон сумын удирдлагууд холбогдох албаны хүмүүс оролцжээ.

Цэцэрлэгийн орчны тохижилт, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг дэмжин аймгийн удирдлагууд, БСУСГ-аас иж бүрэн компьютер, даралтат хөгжим зэрэг шаардагдах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бол ахмад буурлууд ахмадын холбооны “Хишиг” сангаас 1,500,000 төгрөг хандивлаж, тус цэцэрлэгийг дулаанаар хангагч “Ган илч” ХХК-ийн захирал О.Ганбат агаар цэвэршүүлэгч бэлэглэлээ.

Шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй Сайнцагаан сумын наймдугаар цэцэрлэг ийнхүү ашиглалтад орсноор бусад долоон цэцэрлэгийн ачаалал, нэг ангид суралцах хүүхдийн тоо багасч, цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэж 83 хувьтай болжээ.

Холбоотой мэдээ