“Экспо Монголиа-2019”-үзэсгэлэнгээр Германы суваггүй технологийг танилцуулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-08 15:01:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Экспо Монголиа-2019" олон улсын бага хурал, үзэсгэлэн 10-р сарын 9-нд “Мишээл экспо”-д нээгдэх гэж байна.

7 дахь жилдээ зохиогдох "Экспо Монголиа-2019" энэ удаа “Ногоон технологийн хөрөнгө оруулалт”-ыг хөндөж буй талаар зохион байгуулагчид өнөөдөр “Бодь цамхаг” төвд танилцууллаа.

"Экспо Монголиа-2019”-ын зохион байгуулагч “JV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа, “Энэ удаа бид ногоон технологийг хөндөж энэ талын хөрөнгө оруулалтыг ялангуяа усны салбарт татах талаар түлхүү хэлэлцэнэ. Олон улсын бага хурал, үзэсгэлэнд оролцох Германы Суваггүй технологийн нийгэмлэг (GSTT) энэ талын техник, технологи, тоног төхөөрөмж, аргачлалын талаар танилцуулна” гэлээ.


Хэдийгээр "Экспо Монголиа-2019” нь уул уурхайг онцолж бусад салбарын талаар хэлэлцэн уул уурхайн техник, тоног төхөөрөмж, технологийг голчлон танилцуулдаг ч энэ удаа дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор усны талаар хөндөж, энэ талын үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компани, ААН, байгууллагууд оролцоно гэдгийг мэдээллээ.

Тухайлбал, Герман улсын суваггүй технологи нь дэд бүтцийн шинэчлэлийн ажилд дөхөм болох, хөрс, газрыг хөндөж газар дээрх зам, ногоон байгууламжийг эвдэх шилжүүлэхгүйгээр өрөмдлөгөөр газар доорх шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэдэг технологи юм гэдгийг Германы Суваггүй технологийн нийгэмлэг (GSTT)-ийн ерөнхий захирал Клаус Байер сэтгүүлчдэд онцолж байв.

"Экспо Монголиа-2019”-ын үеэр “Усны менежмент-усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах нь” сэдэвт олон улсын бага хурал болж энд ХБНГУ-ын Бранденбург хотын Усны академийн гишүүн Удо Хаасэ, мөн улсын Барут/Марк хотын дарга Петер Илк, Дортмунд хотын “WILO SE” компанийн захирал Гэро Бёхмэр нар оролцож, хот суурин газрын дэд бүтэц, барилга, уул уурхай, бусад салбарт ашиглах ус хангамжийн дамжуулах болон түгээх технологи, цэвэр, бохир усны технологийн ашиглалт, засвар, үйлчилгээний талаар танилцуулж хэлэлцэх юм байна. 


Маргааш эхлэх "Экспо Монголиа-2019” олон улсын бага хурал, үзэсгэлэнг "Экспо Монголиа” төслийн удирдагч Карстен Прен нээж, УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд, ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж “Ногоон технологи ба ногоон зээл”, “Өртөг шингээсэн баяжуулах болон боловсуулах үйлдвэрийн усны хэрэгцээний хэтийн хандлага” сэдвээр манай улсын БОАЖЯ, УУХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлэн, ХХБ хамтын ажиллагааны санхүүжилтийн талаар танилцуулах юм байна.

Мөн "Экспо Монголиа-2019”-гийн эхний өдөр АНУ-ын ЭСЯ-наас тус улс руу бизнесийн болон суралцах зорилгоор зорчих визний талаар хэлэлцүүлэг явуулж, АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй соёл, боловсролын хөтөлбөрүүдийг танилцуулж Америк-Монголын Худалдааны танхим “АмЧам”-аас хэрэгжүүлсэн уул уурхайн бодлого, арга замуудын талаар мөн танилцуулах аж.


Гурван өдөр үргэлжлэх "Экспо Монголиа-2019”-д Австри, ХБНГУ, Беларусь, Словак, ОХУ, БНСУ, БНХАУ, АНУ, Монгол зэрэг орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцохоо мэдүүлжээ.

Олон улсын өндөр зэрэглэлийн үзэсгэлэнд тооцогдож олон улсын хамтын ажиллагааны нэг томоохон талбар болсон "Экспо Монголиа-2019”-д оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж энд хэлэлцэн тохиролцсон хөрөнгө оруулалтын хэмжээ 35 хувиар өсөөд буйг өнөөдөр зохион байгуулагчид хэлж байв. Жишээ нь, өнгөрсөн жилийн "Экспо Монголиа-2018”-гийн үеэр нийт 31 сая еврогийн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгдсэн дүн гарчээ.

Б.Болд

Холбоотой мэдээ