Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн цахимжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-08 10:28:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг цогц байдлаар цахимжуулахаар үндэсний START UP компани болох СИМ” ХХК ажиллаж байна.  

Нийслэлийн Шинжлэх ухаан инновацын газрын харьяа “СИМ” ХХК нь GPS хяналтын системийг 2018 онд тус аймгийн нийтийн тээврийн хэрэгсэлд нэвтрүүлсэн билээ. Дээрх төслийн хүрээнд Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Авто тээврийн төв, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан “E-passшинэ төслийг хэрэгжүүлж байна.

Тус аймагт нийтийн тээврийн үйлчилгээ 2014 онд 14 автобустайгаар эхэлж байсан бол одоо гурван баазын 45 автобус өдөрт зургаан чиглэлийн 2300 гаруй зорчигчдод үйлчилж  байна. Бүх автобус GPS хяналтын системд холбогдсон бөгөөд E-passтөсөл хэрэгжсэнээр орлогоо хянах, үйлчилгээ үзүүлэгч баазуудын шугамын бодит байдлыг үнэлэх, рейсийн даалгаврын мөрдөлтийг сайжруулах  давуу тал бий болох юм. Түүнчлэн, иргэдэд үзүүлэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, чанар сайжирна.

“E-pass” багийнхан төслийн үргэлжлэх үе шатуудад Орхон аймгийн дэд бүтэцтэй холбоотой бусад асуудлыг цахимжуулан иргэдийн тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн жишиг хот болгох зорилтыг тавин ажиллаж байна. Төслийн эхний шатанд хагас тэрбум төгрөгийн төсөвт ажлыг энэ ондоо багтаан хэрэгжүүлнэ. Цаашид банкуудын тооцооны карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжийг бий болгох, такси үйлчилгээний зорчигч болон жолооч нарт үнэ цэнэ өгөх төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан UBCUB такси үйлчилгээг нэвтрүүлэх, ундны усны түгээлтийг цахимжуулахаар төлөвлөж байна.

 

Холбоотой мэдээ