ХАА-н нэмүү өртгийн төслүүдтэй танилцав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-07 17:47:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хэрэгжүүлж буй агробизнесийн хувийн хэвшлийн ААН-үүдэд хөрөнгө оруулах “ХАА, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн явц болон үр дүнтэй ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцлаа.

Дээрх төсөл нь ААН-үүдэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хөгжлийг дэмжин ажлын байрыг бий болгох, Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор хэрэгжиж байна.

Төслийн үр дүнд ашиглалтгүй байгаа мал аж ахуй болон ХАА-н бусад баялаг, нөөцийн нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан ААН, хоршоодод нэмүү өртгийн сүлжээ (НӨС)-г хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх юм. Мөн түүхий эд үйлдвэрлэгч, анхан шатны тордолт, хамгаалалт хийдэг малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан ААН-үүдийн маркетинг, чадвар, чадавхи дээшилж Монголын бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэлт тодорхой түвшинд шат ахина гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм.


Төслийн хүрээнд АХБ-ны 50 сая ам.долларын санхүүжилт бүхий 25 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг өгч хэрэгжүүлнэ. АХБ болон Төслийн удирдах хороо нийт 86.888.300.000.00 төгрөгийн өртөгтэй 37 зээлийг батлаж, 78.088.300.000.00 төгрөгийн санхүүжилтийг Дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу хийгээд байна. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр цаг хугацаандаа хийгдэж байгааг болон төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд танилцуулав.

Тухайлбал, “ГБТ трейдинг ХХК хүлэмжийн аж ахуй эрхлэн, даршилсан нарийн ногоо тариалж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Зүүнхараа сумын жижиг тариалагчдын тариалалтыг дэмжсэн нарийн ногооны бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэн өргөтгөж байна. Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Баялаг өлзий ХХК-ийн хувьд зээлийн зарцуулалтаа сүлжих цехэд Японы Шимасейки машинууд авч суурилуулан бүтээмжийн гарцаа өсгөн, сарлагийн хөөвөр болон торомны ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлж, маркетингийн үйл ажиллагааг идэвхижүүлэхэд зарцуулжээ.

Мөн борлонгийн ноолуур, торомны бүтээгдэхүүнийнхээ хувьд Монголын Хаан ширхэгт стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор малчидтай нягт хамтран ажиллаж байна. Зээлээ үр дүнтэй зарцуулснаар экспортоо 16, борлуулалт 9.5 хувиар нэмэгдүүлж чаджээ. Тус компани дотоодоосоо гадна Унгар улсад өөрийн дэлгүүр нээжээ. Тоног төхөөрөмж нэмж суурилуулснаар үйлдвэрлэл нэмэгдэж, 44 ажлын байр шинээр бий болжээ.

 

Холбоотой мэдээ