Сирид явуулах Туркийн цэргийн ажиллагаанд АНУ дэмжлэг үзүүлэхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. Сирийн хойд нутагт явуулахаар төлөвлөж байгаа Туркийн цэргийн ажиллагаанд Пентагон оролцохгүй гэж Цагаан ордны хэвлэлийн алба АНУ, Туркийн Ерөнхийлөгч нарыг утсаар ярьсны дараа мэдэгджээ.
Турк улс ажиллагаагаа “удахгүй” эхлүүлэх гэж байгааг АНУ-ын эрх баригчид нотолжээ. “Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг ялсан АНУ-ын цэргүүд уг ажиллагаанд оролцохгүй” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Үүний сацуу Цагаан ордны мэдэгдэлд цохон тэмдэглэснээр, террорист бүлэглэлийг бут цохисны дараа сүүлийн хоёр жилийн хугацаанд олзлогдсон “Лалын улс” бүлэглэлийн бүх босогчийн хариуцлагыг одоо Турк улс хүлээнэ.
Дональд Трампын засаг захиргаа мөн улсынх иргэд болох олзлогдсон босогчдоо буцааж авахыг Франц, Герман болон Европын бусад улсаас өмнө нь шаардсан гэдгийг дурдсан байна. “Америкийн татвар төлөгчдийн хувьд асар их зардал гарах учир АНУ тэднийг олон жилийн турш байлгаж чадахгүй” гэж Цагаан ордны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Евфрат мөрнөөс зүүн зүгт Сирийн хойд нутагт ажиллагаа явуулах шийдвэрийг удахгүй гаргаж магадгүй гэж Эрдоган мэдэгдсэн билээ. Уг ажиллагааны зорилго нь Турктай залгаа Сирийн нутгуудыг Курдын өөрийгөө хамгаалах хүчнээс цэвэрлэх, аюулгүй бүс байгуулж, Туркт буй Сирийн дүрвэгсдийг байрлуулах аж.
Туркийн ажиллагааны хариуд “нийтийн дайн” зарлана гэж АНУ-ын дэмждэг, Араб-курдын бүлэглэл болох “Сирийн ардчилсан хүчин”-ий төлөөлөгч Мустафа Бали мэдэгджээ.
Холбоотой мэдээ

