ЖДҮХС-ийн 100-300 сая төгрөгийн зээлийн багцаас 37 төсөл санхүүжилт авлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-07 13:39:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гаас 100-300 сая төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл хүсч 349 иргэн, ААН хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс эцсийн шатанд шалгарсан 200 төслийг энэ сарын 4-6-нд Төсөл сонгох шалгаруулах хороо /ТСШХ/-ны нээлттэй хурлаар хэлэлцүүлж, 9.7 тэрбум төгрөгийн нийт өртөг бүхий 37 төслийг энэ онд санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.


Тодруулбал, нийт 349 иргэн, ААН-ийн төслөөс, урьдчилсан судалгааны шатанд 270, эцсийн шатанд 200 иргэн, ААН-ийн 50,5 тэрбум төгрөгийн төсөл шалгарсан аж. Улмаар зээл хүсэгчид ТСШХ-нд төслөө танилцуулан, хорооны гишүүдийн асуултад хариулж гишүүн тус бүр 10 үзүүлэлтээр оноо өгч дүгнэсэн байна. ТСШХ-ы шийдвэрээр энэ онд 37 төслийг санхүүжүүлж, харин  39.2 тэрбум төгрөгийн нийт өртөг бүхий 157 төслийг дараагийн ээлжид санхүүжүүлэх боломжтой гэж үзжээ. 


Өнөөдрийн байдлаар сангаар дамжуулан санхүүжигдэх 3 тэрбум төгрөгийн бичил зээлийн багцад жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын 48 иргэн, ААН-ийн 2,9 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон байна. 


Түүнчлэн банкаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 13.5 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 иргэн, аж ахуйн нэгжийн 13,1 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ.


ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж, иргэд аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих бүрэн боломжоор ханган ажиллажээ. 


Холбоотой мэдээ