Үймээн самууны дараа Хонконгийн метрог хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-05 11:48:47

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Баасан гарагийн орой олныг хамарсан эмх замбараагүй байдал, эвдэн сүйтгэх ажиллагаа болсны дараа Хонконгийн метроны хөдөлгөөнийг түр зогсоосон байна. Энэ тухай төмөр замын оператор болох MTR компани мэдээлжээ.


Одоогийн байдлаар MTR компанийн тээврийн бүх үйлчилгээг зогсоожээ. Метроны хөдөлгөөнийг хэзээ сэргээх талаар тус компани тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Үүний зэрэгцээ, хэт давруу үзэлт жагсагчид 100 гаруй гэрлэн дохиог хагалж эвдсэн учраас түгжрэл үүсэж болзошгүйг зам тээврийн газраас жолооч нарт анхааруулжээ. Одоогийн байдлаар нисэх онгоцны буудалд хүрдэг Цинма гүүрэн дээр замын хөдөлгөөн түгжирсэн тухай нүдээр үзсэн хүмүүс ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна. Түгжрэлтэй холбоотойгоор нисэх буудал руу гарахдаа цагаа тооцоолохыг буудлын захиргаанаас зорчигчдод уриалжээ.


Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдод баг өмсөхийг хориглох шийдвэр гаргасны дараа баасан гарагийн орой олныг хамарсан эмх замбараагүй байдал дахин дэгдсэн байна. Жагсагчид замуудыг хааж, дэлгүүрүүд, Засгийн газрын байрууд болон метронд эвдэн сүйтгэх ажиллагаа явуулж, галдан шатаасан байна. Тэд мөн эмх журам сахиулагчид руу шатамхай бодис бүхий шил шиджээ.


Холбоотой мэдээ