Д.Ганзориг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүрэгт ажлаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-04 16:44:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдсон Довчинсүрэнгийн Ганзориг үүрэгт ажлаа хүлээн авлаа.


Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг энэ сарын 1-нд УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн тул албан тушаалд томилох зарлиг гаргасан юм.


Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүнд танилцууллаа.


ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ НЬ:

1980-1990 онд Зөвлөлтийн 8 дугаар дунд сургууль,

1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль,

1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль,

2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа,

2007-2008 онд АНУ-ын Команд-штабын коллеж,

2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн, магистр зэрэгтэй, явган цэргийн офицер, цэргийн чиглэлээр Америкийн Нэгдсэн Улсад мэргэжил дээшлүүлсэн, ам бүл 4, одоо эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна.

Д.Ганзориг нь 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд Үндэсний Аюулгүй байдлын Ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабт газрын даргаар ажиллаж байгаад өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдлоо.

Холбоотой мэдээ