Алт тушаалт 22 хувиар буураад байна

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2019-10-03 18:30:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтны сорьц тогтоох, худалдан авах үйлчилгээний талаар өнөөдөр алтны салбарын мэргэжилтнүүд “Сити тауэр” төвд зөвлөлдлөө.

Стандартчилал, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар, Монголбанкны Эрдэнэсийн сан хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтаар Монгол Улсын алт олборлолтын өнөөгийн байдлын талаар, ялангуяа аймаг, орон нутагт алт худалдан авч буй байдлыг Үнэт металлын сорьцын газрын Улсын байцаагч Б.Лутбаяр танилцуулж, Үнэт металлын сорьц тогтоох төв лабораторийн талаар мэдээллээ.


Зөвлөлдөх уулзалт дээр Төв банкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Б.Алтансүхийн мэдээлснээр, Монголбанк энэ оны эхний 9 сард 11.2 тонн алт, харин өнгөрсөн 9 дүгээр сард 1.4 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 14.3 тонн үнэт металл худалдан авч байснаас 3.1 тонноор бага буюу алт тушаалт 22 хувиар багассан үзүүлэлттэй байна.

Улсын байцаагч Б.Лутбаярын танилцуулснаар, хамгийн сүүлийн мэдээллээр Дархан-Уул аймаг дахь Үнэт металлын сорьцын алба 31.4 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 104 кг үнэт металлыг тус тус худалдаж аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 2.1 тонн үнэт металл худалдан авч байснаас 694 кг-аар буурсан үзүүлэлт аж. Энэ оны 9 дүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129.726.23 төгрөг байлаа.




Өнөөдрийн уулзалтад танилцуулснаар, Стандартчилал, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар нь улсын хэмжээнд алт олборлолт, нийлүүлэлтийн сүлжээнд гол оролцогч байгууллага байдаг бөгөөд алтны сорьцыг тогтоодог, ингэснээр алтыг худалдах, арилжих нөхцөлийг бүрдүүлдэг байна.


Тус газар улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул аймаг гэсэн гурван газарт салбартай ажиллаж байна. Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст үнэт металлын сорьц тогтоох лабораторийг Монголбанк, Швейцарь улсын Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд байгуулан ажиллаж байна.

Тус лаборатори нь үнэт металл хайлуулж, сорьц тогтоон гулдмай болгон ISO стандартын дагуу химийн шинжилгээ хийж байна.

 Б.Болд

Холбоотой мэдээ