ИТХ-ын төлөөлөгч, ажилтнуудын бүсийн уулзалт хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-01 21:21:55

Булган /МОНЦАМЭ/ Хангайн бүсийн аймгуудын “ИТХ-ын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь” туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх уулзалт, хэлэлцүүлэг Булган аймагт боллоо.

УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын “Хөгжлийн хөтөлбөр”, Швейцарийн хөгжлийн агентлаг, Булган аймгийн ИТХ хамтран зохион байгуулсан тус уулзалт, хэлэлцүүлэгт Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчдийн ажлын албаны 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах, “Иргэний танхим”-ын үйл ажиллагаа, ИТХ-ын байгууулагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах зэрэг сэдвээр аймгийн ИТХ-аас зохион байгуулж байгаа ажил, үр дүнгийн талаар оролцсон аймгийн ИТХ-ын Ажлын алба мэдээлэл хийж хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Монгол улсад төлөөлийн байгууллагыг хөгжүүлэх нь” төслийн зохицуулагч Г.Золжаргал:

-Төсвийн хүрээнд хийж байгаа ажил, хэрэгцээ шаардлагад хэр нийцэж байна гэдгийг анхаарч байгаа. ИТХ үйл ажиллагаа явуулахад сайн туршлага дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэж байна. Санаачилгатай хэрэгжүүлж байгаа сайн туршлагаа ярилаа. Хурлын хяналтын чиг үүргийг яаж хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр яаж ажиллаж болох вэ гэдгийг тодорхой үйл ажиллагааны жишээн дээр санаа авч, шилдэг арга барил болгож хэрэгжүүлэх боломжтой байдлаар танилцууллаа.

ИТХ-ын байгууллага төрийн бусад байгууллагад хуулиар эрх олгогдсон эрх хэмжээг давхцаж хийлгүйгээр яаж хамтран илүү үр дүнтэй ажиллах вэ гэдгийг чиглэл болгож, төрийн болон төрийн бус байгууллагын хуулиар олгодсон үүргийг хэрэгжүүлэхэд идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэх нь чухал байна гэлээ. 

Холбоотой мэдээ