Баруун бүсийн хурдан хүлгүүд Ховд суманд тоосоо өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 16:01:57

Увс аймгийн Ховд суманд өнгөрсөн долоо хоногт “Баруун бүсийн хурд-2016” уралдаан болж өнгөрсөн байна. Уралдаанд Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Өмнөговь, Өлгий, Завхан, Наранбулаг, Хяргас сумдаас гадна Ховд аймгийн Жаргалант, Мянгад, Дуут, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Өлгий аймгийн Өлгий, Буянт, Бугат сумдын нийтдээ 250 гаруй морьд 6 насны ангиллаар уралджээ.

Дааганы уралдаанд Увс аймгийн Өлгий сумын Л.Бямбажавын цавьдар, Өмнөговь сумын Н.Сүрэнхорлоогийн халтар, Өлгий сумын З.Дэндэвийн буурал, мөн сумын Д.Баянжаргалын саарал, Д.Бархасбадийн хээр тус тус айрагдсан байна. Харин шүдлэн морьдын уралдаанд Өлгий сумын З.Дэндэвийн буурал, Завхан сумын Д.Пүрэвгончигийн саарал, Өлгий сумын Д.Баянжаргалын хүрэн, Завхан сумын Б.Төгөлдөрийн хонгор, Өлгий сумын Д.Баттогтохын хонгор тус тус тод магнай торгон жолоогоо өргүүлсэн байна. Хязаалан морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын Д.Цэен-Ойдовын хүрэн халзан, Увс аймгийн Өлгий сумын Л.Бямбажавын улаан, Өлгий сумын Д.Содовын улаан, Ховд аймгийн Мянгад сумын Д.Алдархишигийн хээр, Өлгий сумын З.Дэндэвийн улаан тус тус айрагдсан бол соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын Э.Хаш-Эрдэнийн хүрэн, Увс аймгийн Завхан сумын Д.Содбилэгийн хоо буурал, Ховд сумын П.Эрдэнэбаатарын хонгор, Завхан сумын Г.Алтансүхийн буурал, Өлгий сумын Д.Энхбаярын хээр морь тус тус давхижээ.

Азарганд Ховд аймгийн Мянгад сумын Б.Баянзулын хээр, Увс аймгийн Ховд сумын Б.Жавхлантөгсийн хээр, Өлгий сумын Д.Баасансүрэнгийн хүрэн, Завхан сумын Б.Ган-Очирын хээр, Өлгий сумын З.Дэндэвийн шарга айрагдсан байна. Их насанд Увс аймгийн Завхан сумын С.Батхуягийн хээр, Ховд аймгийн Мянгад сумын Д.Цэеэн-Ойдовын халтар, Увс аймгийн Завхан сумын Л.Өлзийтогтохын шар хээр, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Д.Болбаатарын шарга, Увс аймгийн Ховд сумын П.Эрдэнэбаатарынхонгор тус тус давхиж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулжээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ