2019 оны Улсын аварга шатарчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-01 09:59:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн шатрын шигшээ тэмцээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ивээл дор Хөвсгөл аймгийн Мөрөн хотод энэ сарын 20-29-ний өдрүүдэд  боллоо. 

Эрэгтэйчүүдийн 59 дэх удаагийн тэмцээнд  тэргүүн байрыг "Хан-Алтай" клубийн тамирчин, Монгол Улсын Спортын мастер Ү.Агьбилэг, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн тэмцээнд  тэргүүн байрыг "Дагшаахүү" клубийн тамирчин мастер Б.Алтантуяа нар тус тус эзэлж энэ оны аварга шатарчид боллоо.


Тэмцээнд их мастер 4, Олон улсын мастер 6, Олон улсын шатрын холбооны мастер 7, дэд мастер 3, Монгол Улсын спортын мастер 2, дэд мастер 1, цолгүй өсвөрийн нэг шатарчин оролцсон чансаа өндөр тэмцээн боллоо гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Шатрын улсын аварга шалгаруулах урьдчилсан гурван шатны тэмцээнд 4000 гаруй тамирчин оролцож, тэдгээрээс шалгарсан 24 тамирчин 10 өдрийн турш 11 өрөг тоглож аваргаа шалгаруулсан юм.

 

Холбоотой мэдээ