Зорилтот бүлгийн охидуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, “Мишээл” клиникийн эмнэлэгтэй
хамтран хөгжлийн бэрхшээлтэй 67 охинд мэдрэл, сэтгэц, нүд, шүд болон
эмэгтэйчүүдийн үзлэгийг зохион байгууллаа. Үзлэг үнэ төлбөргүй бөгөөд зорилтот бүлгийн
охидуудад анх удаа эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалттайгаар
хийж байгаа нь энэ ажээ.
Үзлэгт оюуны бэрхшээлтэй болон
хэвтрийн, тэргэнцэртэй 8-18 насны охид хамрагдсан байна. Тэргэнцэртэй, хэвтрийн
хүүхдүүдийг тусгай зориулалтын машинаар тээвэрлэж үзлэгт хамруулжээ. Үзлэгийн
үеэр эмэгтэйчүүдийн шинжилгээ авч шаардлагатай бол эмчилгээ хийх гэнэ. Мөн нийт
хүүхдийн 80 гаруй хувь нь шүдний цооролттой байсан аж. Иймд ээж нарт нь хүүхдээ
асрах болон эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө өгчээ. Цаашид чих, хамар,
хоолойн үзлэгийг хийж суурь өвчний судалгаа авах шаардлагатай гэж НБХ-ийн
мэргэжилтэн хэллээ.