Гуравдугаар сургуулийн сурагчид "Дэлхийн сурагчийн сүүний өдөр"-т нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-27 20:51:29
Ховд /МОНЦАМЭ/. “Өдөр бүр сүү ууцгаая” уриатай Дэлхийн сурагчийн сүүний өдрийг Ховд аймагт анх удаа тэмдэглэв.

“Дэлхийн сурагчийн сүүний өдөр-2019” үйл ажиллагаа Жаргалант сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургууль дээр боллоо.  

Нээлтэд НYБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, SECIM-Нэмүү өртгийн сүлжээ төслийн зохицуулагч Б.Золзаяа тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Сүүлийн үед иргэд байгалийн гаралтай, шинэ органик бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхийг зорьж байна. Учир нь хүн өдөрт хамгийн багадаа үйлдвэрийн аргаар боловсруулсан 200 гр сүү уух ёстой гэнэ.  

Тэгвэл манай орны нийт иргэн жил тутамд 204.4 сая литр сүү хэрэглэх аж. Гэтэл улсын хэмжээнд сүүний хэрэглээ 41,8 сая литр буюу өдөрт нэг хүнд ногдох хэмжээ 40 гр байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэсэн судалгаа гарчээ.

Үүнтэй холбогдуулан сурагчийн үдийн цай хөтөлбөр болон тэдний хоол тэжээлд сүү, сүүн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн хамт олон, хүүхдүүд “Дэлхийн сурагчийн сүүний өдөр”-т  нэгдсэнээрээ онцлогтой юм.

Тус сургууль энэ үйл ажиллагааны хүрээнд кальцийн хэмжээ тодорхойлох шинжилгээнд нэгдүгээр ангийн 120 хүүхдийг хамруулжээ.

Мөн сүү, цагаан идээний зохистой хэрэглээ, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар эцэг, эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулав.

Түүнчлэн сурагчдын дунд “Сүүний ач холбогдол, үнэ цэн” сэдэвт эсээ бичлэг, гар зургийн уралдаан зарлаж бүтээлийн үзэсгэлэн гаргав.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа хэлэхдээ: ”Тус сургуулийн сурагчдын хийсэн бүтээл, гар зураг, эсээ бичлэг үнэхээр сонирхол татаж байна. Сүүний үнэ цэн, шим тэжээл нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх тухай өөрсдийн бодол, үзэл санаа, хандлагаа бүтээлээр дамжуулан илэрхийлсэн байдал нь маш өргөн цар хүрээтэй аж. Хүүхдүүд сүү, сүүн бүтээгдхүүний хэрэглээнд том хүн шиг ухаалгаар хандаж, мэдэрч байгаад талархалтай байна” гэлээ.

Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд Гуравдугаар сургуулийн сурагчид сүүний хэрэглээтэй холбоотой бэлтгэсэн урлагийн тоглолтоо сонирхуулав.    

Холбоотой мэдээ