Сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, ашиг тусын талаар мэдлэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-27 15:53:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/“Дэлхийн сурагчийн сүүний өдөр Сэлэнгэ аймагт” үйл ажиллагааг энэ сарын 25-ны өдөр аймгийн төв Сүхбаатар сумын Партизаны талбайд анх удаа зохион байгуулж, хүүхэд багачуудад сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, ашиг тусын талаар мэдлэг өглөө.  

Сүүний өдөр үйл ажиллагааны үеэр Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт хэрэглэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж буй ангиудаар зочид, төлөөлөгч болон аймгийн удирдлагууд орж танилцлаа. Энэ үеэр “Эх орны сүү-эрүүл хүнс” сэдэвт бяцхан ном бүтээх уралдааныг Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан байна. Нийт 250 сурагчдын бяцхан номын бүтээл ирснээс Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 6а ангийн сурагч М.Мөнх-Ундрах тэргүүлж, 2-р сургуулийн 5а ангийн сурагч Г.Гэрэлт-Од, 4-р сургуулийн 6в ангийн сурагч Б.Билгүүн, Б.Билгүүнжаргал нар удаалжээ.

Мөн “Уралдаанд идэвхтэй оролцсон анги”-иар Ерөнхий боловсролын 2-р сургуулийн Ц.Сэлэнгэ багштай 5в анги, 1-р сургуулийн М.Мөнх-Ундрах багштай 6а ангиудын бүтээл шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртжээ. Мөн энэ үеэр аймгийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн амталгаат үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, аймгийн Эрүүл мэндийн газраас  сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусын талаар иргэдэд мэдээлэл өгчээ.  

 

Холбоотой мэдээ