Гамшгийг даван туулах шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-27 14:27:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал “Туушин” зочид буудлын танхимд болж байна. 


    ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй  тус хуралд Япон, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач сэдвийн хүрээнд 40 гаруй илтгэл хэлэлцүүлж, дэлхийн улс орнуудын туршлагаас хуваалцаж байна.



    Хурлыг нээж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлэхдээ, “Хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг  даван туулахад шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлж, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах нь нэн чухал. Энэ хурлаар, хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлагаа солилцон, цаашид хот суурин газарт тулгамдаж буй асуудлыг  шийдэх чиглэлд шинжлэх ухаанч үнэтэй санал зөвлөмж өгнө гэдэгт итгэж байна” гэв. 


    Хурлаар хэлэлцүүлэгдэх илтгэлүүдийн дэвшүүлсэн саналыг нэгтгэсэн зөвлөмж гаргана. Энэ зөвлөмж нь хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах арга зүйг тусгаж өгөх юм. Мөн байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх арга замын талаар харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Алтангэрэл хурлын үеэр онцолж байв.



    Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд хот суурин газарт хүн ам төвлөрч, үүнийгээ дагаад тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол нэмэгдэх болсон. Мөн зарим аж ахуйн нэгжүүд үл мэдэгдэх шатамхай бодис тээвэрлэж, зориулалтын бус газарт хадгалж байгаа нь гамшгийн эрсдэлийг дагуулдаг. Монгол Улсын хэмжээнд гамшигт өртөх эрсдэл хамгийн их суурин газарт Улаанбаатар хотыг тооцож болно. Гэтэл энэ хотод хүн амын 65 хувь нь амьдарч байна. Гамшгийн эрсдэлийг бууруулахад, хотын иргэн бүрийн оролцоо, сахилга, хариуцлага чухал. Жишээлбэл, тухайн нэг айл аюулгүй байдлаа бүрэн хангасан ч зэрэгцээ айл нь хадгалж буй хийн газныхаа хадгалах стандартыг хангаагүй байдаг. Тиймээс иргэн бүр болзошгүй гамшгийн эрсдэлээс сэргийлж хариуцлагатай байх хэрэгтэй” хэмээв.



    Ташрамд дурдахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар, улсын хэмжээнд нийт 2968 удаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрийн улмаас 112 хүн амиа алдаж, 38 хүн бэртэж, 24 763 толгой мал, амьтан хорогдож, 6.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Онцгой байдлын байгууллага 842 хүний амь нас, 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгаж ажиллажээ.

Д.Дэлгэрмөрөн

Холбоотой мэдээ