Э.Содномпэлжээ “Арнольд классик” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-26 14:27:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ Испани улсын Барселон хотноо хэвтээ шахалтын "Арнольд классик" тэмцээнд хүчээ сорьж, цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ.


Манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор хоёр тамирчин тус тэмцээний классик төрөлд оролцжээ. "Рио-2016" паралимпийн хүрэл, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цом, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт Э.Содномпэлжээ мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ О.Мөнхбат 212.5 кг шахаж шагналт V байрт шалгарчээ.

Тэмцээнд 74, 83, 93, 105, -120, +120 гэсэн зургаан жингийнхэн нэг дор хоорондоо хүч үзснээрээ тун өрсөлдөөнтэй болсон байна.


Э.Содномпэлжээгийн хувьд нийт тамирчдаас хамгийн хүндийг нь өргөсөн ч биеийн жин, өргөсөн жин хоёрыг харьцуулж оноо олгодог тэмцээний дүрмийн дагуу дэд байрт орсон юм. Энэ тэмцээнд түрүүлсэн Францын тамирчин 73 жинтэй бөгөөд цээжнээс 190 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн байна.

Холбоотой мэдээ