Ялтнууд хохирлоо нөхөн төлөхгүй байгааг прокурорын газраас анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-11 12:18:38

Нийслэлийн прокурорын газраас хорих 401, 405, 407, 409 дүгээр ангид ял эдэлж буй ялтнуудын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг 2015 он, 2016 оны эхний  гурван сарын байдлаар шалгасан байна. 

Хорих 401 дүгээр ангид 5.1  хувь, 405 дугаар ангид 2.8 хувь, 407 дугаар ангид 0.3 хувь, 409 дүгээр ангид 4.8  хувь байгаа нь  хангалтгүй гэж үзээд хорих ангиудын удирдлага, захиргаанаас төлбөрийг барагдуулах тал дээр анхаарал тавьж ажиллахгүй байгаатай холбоотой гэж дүгнэжээ. Хорих ангиудын аж ахуйн үйлчилгээнд ажиллаж буй ялтнууд  ШШГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Ялтны хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг тогтоох журам”-д зааснаар цалин хөлс олгогдохгүй болсон тул  цалин хөлснөөсөө хохирол, төлбөрөө төлөх боломжгүй болсон байна. Шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж илэрсэн зөрчлийг арилгуулахаар хорих 401, 409 дүгээр анги болон ШШГЕГ-ын даргын нэр дээр прокурорын шаардлага хүргүүлжээ. Мөн хохирол нөхөн төлөлтийг Баянзүрх, Багануур дүүргийн прокурорын газруудын хяналтын харьяа хорих 421, 427 дугаар ангиудад шалгах, УЕПГ-т тодорхой асуудлуудыг тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ