Уур амьсгалыг өөрчилдөг сөрөг нөлөөллийг багасгах санаачилгад нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-09-24 17:59:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Нью-Йорк хотноо энэ  сарын 23-нд болжээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачилсан энэхүү уулзалт нь Парисын хэлэлцээрийн бодит хэрэгжилтийг хангах, улс орнуудын дэвшүүлсэн санал санаачилгыг дэмжих, хувийн хэвшил, иргэний нийгэм, банк, санхүүгийн байгууллагын оролцоог идэвхжүүлэх зорилготой юм.


Уулзалтад оролцсон дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд ялгарал, шингээлтийн зөрүүгүй болгох, дэлхийн дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй, улмаар 1.5 хэмд тогтоон барих зорилгын хүрээнд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрээ ахиулах бодит төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Энэ үеэр ХБНГУ, Норвеги, Франц, ИБУИНХУ, Швед, Дани, Нидерланд зэрэг улс Парисын хэлэлцээрийн санхүүжилтийн гол механизм болох “Уур амьсгалын ногоон сан”-д оруулж буй хувь нэмрээ сайжруулах үүрэг авчээ.


Дээд хэмжээний уулзалтын үеэр манай улс дэлхийн соёлын болон байгалийн өвд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн “Addressing Clmate Change Impacts on Cultural and Natural Heritages” санаачилгад нэгдсэн байна.


Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд энэ сарын 21-нд залуусын үзэл бодлыг сонсох, тэдэнтэй зөвлөлдөх зорилготой Залуучуудын дээд хэмжээний уулзалтыг мөн зохион байгуулжээ. Уулзалтад БОАЖЯ-ны санаачилга “Ногоон паспорт” аяны хүрээнд болсон өсвөр үеийнхний байгаль экологийн мэдлэгийг дээшлүүлэх шалгаруулалтад шилдгээр шалгарсан сурагч Б.Энэрэл амжилттай оролцож, үндэсний туршлагаа танилцуулсан байна.

Холбоотой мэдээ