УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг, Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэд нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Энэ үеэр “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ, Автомашинтай жагсагчдаас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүлэв. Уг шаардлагад, “Бид уучлахгүй хөдөлгөөнөөс энэ сарын 11-нд 01/10 дугаартай албан бичгээр Авлигын эсрэг хуулийн 13.2-т заасныг үндэслэн орлого нь огцом өссөн нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлт өгсөн болно. Хүсэлт илгээснээс хойш УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос албан ёсны хариу ирээгүй тул дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд,
Нэг. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлыг зарлаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах,
Хоёр. Бид уучлахгүй хөдөлгөөний 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/10 дугаартай албан хүсэлтийн хариуг бичгээр ирүүлэхийг шаардаж байна” гэжээ.
Мөн УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлэх хуулийн заалтыг өөрчлөх саналаа танилцууллаа. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрхийг Авлигатай тэмцэх газарт өгөх ёстой хэмээн үзэж байгаа аж.
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлээд хариуг энэ долоо хоногт багтаан албан ёсоор бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв.
Тэрбээр, “Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдоод нэг сар гаруй болж байна. Монгол Улсад шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод байхыг УИХ-ын гишүүдээс тэр дундаа дэд хорооны гишүүдээс байнга шаардаж байгаа. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Дэд хорооны даргын хувьд, одоо УИХ-ын даргад хүсэлт тавьж, Ёс зүйн дэд хороог хуралдуулах товыг тогтооно. Бид УИХ-ын Ёс зүйн дүрмийг шинэчилж байна” гэлээ.