Хүүхдийг ослоос сэргийлэх өдрийг тэмдэглэв

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-04-11 10:54:23

“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өчигдөр ЗЦГ-аас  "Хүннү малл” төвд зохион байгуулав.

Жил бүрийн энэ өдрийг зам тээврийн осол, зөрчилд өртөх  хүүхдийн тоо буурахгүй, өссөн мэдээтэй угтдаг нь харамсалтай. Уг нь замын хөдөлгөөний тухай шинэ хууль болон жолооч нарын зөрчлийн оноог тооцох журам хэрэгжиж хяналт сайжирсантай холбоотой  зам тээврийн осол, зөрчил багасч байгаа. Гэвч бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй нэмэгдсээр байна. Сүүлийн 10 жилд хүүхэд өртсөн зам тээврийн осол тасралтгүй өсчээ. Зам тээврийн ослоор амиа алдсан хүүхдийн тоо 2010 онд 28, 2011 онд 40, 2012 онд 43, 2013 онд 37, 2014 онд 48, 2015 онд 54-д хүрчээ. Зам тээврийн ослын улмаас 2015 онд Гэмтэл согог, судлалын үндэсний төвд 3 мянга гаруй хүүхэд эмчлүүлсэн байна. Осолд орсон хүүхдийн 65.7 хувь нь явганаар зам гарах үедээ, 31.8 хувь нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам тээврийн осолд өртжээ. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замд гардаг. Иймээс Замын цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх цуврал арга хэмжээг зохион байгуулж, эцэг, эхчүүдийг хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах, зөв дадал, хэвшлийг биеэрээ үлгэрлэх нь хамгийн том хамгаалалт гэдгийг ЗЦГ-аас санууллаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ