"Алтанбулаг" боомтыг шинэчилж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд "Алтанбулаг" боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.
АХБ-ны 13.6 сая ам.доллар (36.2 тэрбум төгрөг)-ын
хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд
бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 ам.дөрвөлжин метр ногоон
байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7 км урттай авто зам, 7000
ам.дөрвөлжин метр талбай бүхий авто
зогсоол, зам барих юм.
Улсын төсвийн хөрөнгөөр шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдана.
"Алтанбулаг" боомт нь нийт зорчигчийн 14.5
хувь, тээврийн хэрэгслийн 16 хувь нэвтэрдэг боомт боловч барилга байгууламж,
дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа
дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гарч
байна.
Боомтын шинэчлэлийн үр дүнд "Алтанбулаг"
боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн
хэрэгслийн тоо тус бүр 4 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн
боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол
Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ гэж Сангийн яамнаас мэдээлж байна.
"Алтанбулаг" боомтын шинэчлэлийн бүтээн
байгуулалт 2 үе шаттай явагдах бөгөөд эхний ээлжинд тусгаарлах зурвас бүхий 4
эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажлыг энэ есдүгээр
сарын 26-ны өдрөөс эхлүүлж байна. Боомтын шинэчлэлийн 2 дахь үе шат болох
боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, инженерийн шугам сүлжээ барьж
байгуулах ажлыг 2020 оны эхний улиралд эхлүүлэх аж. "Алтанбулаг"
боомтын шинэчлэл 2021 онд бүрэн дуусна.